Туулын эх болон Заан, Тэрэлж гол орчмын 145 га газрыг хамгаалалтад авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-09-01 08:20:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Минж нутагшуулах төв” орчмын нутаг дэвсгэр 145 га газрыг орон нутгийн хамгаалалтад авах тухай НИТХ-ын тогтоолыг 36 төлөөлөгчийн 92 хувь нь дэмжлээ.


Өлийн давааны өмнө хэсэгт буй Минж нутагшуулах төв орчмын нутаг дэвсгэрийг хамгаалалтад авснаар Улаанбаатар хотын хүн амын ундны усны нөөцийг бүрдүүлэх ач холбогдолтойг Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр тэмдэглэлээ.


Туул голын эх орчимд 2012 онд ХБНГУ-аас 13 бодгаль буюу долоон бүл минж, ОХУ-аас  30 бодгаль буюу 15 бүл минж авчирч Туул голын эх орчимд болон Заан, Тэрэлж голд нутагшуулжээ. Одоогоор минжийг долоон га газарт нутагшуулж байгаа. Цаашид газар нутгийн хэмжээг 145 га болгон нэмж, цүнхээл үүсгэн минж үржүүлэхийн дээр газар нутгийг нь орон нутгийн хамгаалалтад авч, эко аяллыг хөгжүүлэн, Экологийн боловсролын цогц төв байгуулахаар төлөвлөснийг НИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулсан юм.


НИТХ-ын төлөөлөгчид Туул голын эх болон Заан, Тэрэлж гол орчмыг минж үржүүлгээр дамжуулаад хамгаалж байгаа нь сайн хэрэг хэмээн сайшаагаад, гол мөрний эхийг хамгаалах, аялал жуулчлалын маршрут гаргах, экологийн боловсрол олгох нь зөв гэдэгтэй санал нэгджээ. Зарим төлөөлөгч экологийн боловсролын төв байгуулах нэрээр барилга байшин барьж, эдлэн газар болгож, торон хашаагаар хашсанаар иргэдэд хаалттай орчин бий болгох, аялал жуулчлал нэрээр хориотой анчин, хууль зөрчигч нэвтэрч зорилгоо гажуудуулсан зүйлс гаргахаас сэрэмжлэхийг болгоомжлуулж байв

Холбоотой мэдээ