Истанбулд амиа золиослогчдын нэг нь Ракка хотод очиж байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-01 10:07:44

ИСТАНБУЛ. /VOA/. Өнгөрсөн мягмар гарагт Истанбул хотын Ататуркийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд халдлага үйлдсэн гурван амиа золиослогчийн нэг нь “Лалын улс” бүлэглэлд эзлэгдсэн Сирийн хотоос Туркт нэвтэрч байсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Уг халдлагын үеэр 44 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн шархадсан юм.

Албаны хүмүүсийн хэлснээр, халдлага үйлдэгчид нь орос, узбек болон киргиз хүмүүс байжээ.

Оросын өмнөд нутгаас гаралтай нэгэн залуу өнгөрсөн тавдугаар сарын 25-нд Сирийн Ракка хотоос Туркт очсоноосоо хойш Истанбулд ажиллаж, амьдарч байсан байна. Сирийн хойд нутгийн Ракка хотыг “Лалын улс”-ынхан өөрийн нийслэл хот гэж зарласан билээ.

Туркийн Дотоод хэргийн сайд Эфкан Ала өчигдөр парламентад үг хэлэхдээ “мөрдөн шалгалтын дүнгээс үзэхэд уг халдлага “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой байна” гэж онцлон тэмдэглэжээ.

Тэрбээр цааш ярихдаа “цагдаа нар өнөөдөр 16 байршилд нэгжлэг хийн 13 хүн, тэдний дотор гадаадын 3 иргэнийг баривчлан, байцааж байна” гэлээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ