Сомалид хурдны зам дээр тэсрэх бөмбөг дэлбэрчээ

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-07-01 10:05:55

МОГАДИШО. /VOA/. Сомалийн  нийслэлээс баруун зүгт 30 км-ын зайд орших Афгойе хотыг нийслэл Могадишо хоттой холбодог хурдны зам дээр дэлбэрэлт болсны улмаас зорчигч тээврийн автобусанд сууж явсан 20 орчим хүн амиа алдсан байна. 

Уг тэсрэх бөмбөг нь алсын удирдлагатай байсан болохыг дэлбэрэлт болсон газар ажиллаж байгаа цагдаагийн ажилтан баталжээ.    

Афгойе хотын орлогч дарга Абдуллахи Хассан хэлэхдээ “жижиг оврын автобус юу ч үгүй болгосон. Бидэнд маш том гарз хохирол учирлаа” гэж мэдэгдлээ.

Автобусанд 21-23 хүн зорчиж явсан бөгөөд дэлбэрэлт пүрэв гарагийн өглөө болжээ.

Халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл өөртөө хүлээгээгүй байна. Сомалийн Засгийн газар болон Африкийн Холбооны энхийг сахиулагчдын эсрэг халдлагыг ихэвчлэн “Аль-Шабааб” бүлэглэлийнхэн үйлддэг байна. Энэ бүлэглэл энгийн иргэд цугларсан газар болон зочид буудлууд руу олон удаа халдлага үйлдсэн ажээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ