Кабулд үйлдсэн халдлагад амиа алдсан хүмүүсийн 28 нь талибууд байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАБУЛ. /Reuters/. Кабулын нисэх онгоцны буудлын ойролцоо болсон дэлбэрэлтүүдэд өртөж амиа алдсан 103 хүний 28 нь “Талибан”-ы гишүүд байсан гэж тус хөдөлгөөний төлөөлөгч мэдэгджээ.
“Бид америкчуудаас илүү олон хүнээ алдсан” гэж тэрбээр хэлжээ. “Талибан”-ы төлөөлөгч мөн Афганистанаас гадаадын цэргүүдийг гаргах хугацааг сунгах ямар ч шалтгаан байхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Пүрэв гарагт амиа золиослогч террористууд Кабулын нисэх онгоцны буудалд хоёр дэлбэрэлт үйлдсэн юм. Хамгийн сүүлийн мэдээллээр, халдлагын улмаас 103 хүн амиа алдсаны 13 нь Америкийн цэргүүд байсан байна. Афганистаны засгийн эрхийг булаан авсан хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөн халдлага үйлдсэнийг эрс буруушаагаад, буруутнуудыг хариуцлагад татахаа амлажээ.