Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Завханд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-08-24 17:39:40

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан ажиллаж аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа.

-Тэрээр тус аймагт ажиллах үеэрээ аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд ашиглалтад орсон Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж мэдээлэл солилцлоо.

Энэ үеэр Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд Онцгой комиссын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, коронавирусний халдварын нөхцөл байдал, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ үйлчилгээ, урьдчилан сэргийлэлт, санхүүжилт, боловсролын байгууллагын бэлэн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тус тус мэдээлэл өглөө. Мөн орон нутагт тулгамдаж буй асуудлуудаа уламжиллаа.

Тухайлбал, аймгийн Зоонозын өвчин судлалын төвд PCR шинжилгээний тоног төхөөрөмж, урвалж бодис, түргэвчилсэн оношлуур, эмнэлгүүдэд амьсгалын аппарат, унтуулгын аппарат, хяналтын монитор, дуслын автомат шахуурга зэрэг тоног төхөөрөмжүүд хэрэгтэй байгаа. Алдархаан сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэст шуурхай албаны фургон автомашин, бэлчээр хамгаалах арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлтүүдийг шадар сайдад тавилаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад 200 сая төгрөг төсөвлөжээ

Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал: -“Цар тахлыг сумандаа эмчлэхэд ХӨСҮТ-өөс мэргэжлийн баг илгээснээс гадна явуулын PCR аппарат, бусад шаардлагатай тоног төхөөрөмж, машин техникийн туслалцааг үзүүлсэн Улсын Онцгой комиссын хамт олонд иргэдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

-Завхан аймагт коронавиурсний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор бүртгэл хяналтын систем нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгч байна. Мөн аймаг орон нутгийн зүгээс мэргэжлийн байгууллагуудыг нэн түрүүнд автомашин техник, тоног төхөөрөмжөөр хангахад туслалцаа дэмжлэг үзүүлж байна. Цаашид ч энэ тал дээр анхаарч ажиллана. Түүнчлэн шаардлагатай эм тарианы нөөцөө бэлтгэсэн. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангахад онцгой анхаарч ажиллаж байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, өвс тэжээлийн нөөцөө бэлтгэхэд аймгийн орон нутгийн хөгжлийн санд 200 сая төгрөг төсөвлөсөн байна. Мөн малын гоц халдварт өвчин гаргахгүй байхад анхаарч ажиллаж байгаа.

2021-2022 оны хичээлийн шинэ жилийн сургалтын үйл ажиллагаа танхимаар эхлэхтэй холбогдуулан багш нарыг коронавирусний халдвараас сэргийлэх дархлаажуулалтад бүрэн хамруулсан. Үргэлжлүүлэн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах тал дээр анхаарч ажиллана. Аймгийн Онцгой комиссын гишүүд 24 сумаа хариуцан ажиллаж байгаа бөгөөд “Ногоон сум” болгох зорилтыг хэрэгжүүлсэн тохиолдолд урамшуулах зэрэг шийдвэрийг тус тус гарган ажиллаж байгаа талаарх мэдээллийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайханд өглөө” гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ