Хоёр сумын 760 гаруй хүүхдийн шүдийг эмчлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-08-23 18:37:06

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт Мишээл хүүхдийн сангийн хөтөлбөр амжилттай үргэлжилж өнөөдрийн байдлаар 760 гаруй хүүхдийн шүдийг эмчлээд байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-Германы Элчин сайдын яам, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр манай аймагт Мишээл Хүүхдийн Сангийн хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд Шилүүстэй, Яруу, Идэр сумын 1000 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй амны хөндийн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Хөтөлбөрийн багийнхан дээрх сумдад тус бүр дөрөв хоног ажиллах юм. Өнөөдрийн байдлаар Шилүүстэй суманд 300 орчим, Идэр суманд 460 хүүхдэд амны хөндийн эрүүл мэндийн тусламжийг үзүүлээд байна. Тухайлбал шүдний сувгийн эмчилгээ, шүдний цоорлоос сэргийлэх түрхлэг, цоорлын ломбо, шүд авалт гэх мэтчилэн үйлчилгээг үзүүлж буй гэв.

 

Мишээл сангийн багийнханд аймгийн хүндэт тэмдгийг гардуулав

Үзлэгт хамрагдсан иргэдийн дунд амны хөндийн өвчлөл их байгаа бөгөөд тэдний амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг, дадал хангалтгүй байна.

Мөн үзлэгийн үеэр шүд угаах, оо сойзоо сонгох, хүүхдийн шүдийг эцэг эх, асран хамгаалагчид хэрхэн яаж арчилж, эрүүл байх талаарх сургалтыг явууллаа.  Сонгогдсон сумын Засаг дарга, удирдлагууд, багийн дарга, сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгууллагын дарга эрхлэгч, холбогдох ажилтнууд үзлэгийг маш сайн зохион байгуулахад хамтран ажиллалаа. Мөн иргэд идэвхтэй хамрагдаж байгаа тул ачаалал ихтэй байна. Хөдөө орон нутагт нэн шаардлагатай байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Мишээл сангаас 0-18 насны хүүхдүүдэд үзүүлж байгаа. Тиймээс тус хөтөлбөрийн багийг аймгийн Засаг дарга хүлээн авч уулзаж талархал илэрхийлсэн юм. Тэр бээр хэлэхдээ: -Монголчууд шүд эрүүл бол бие эрүүл гэж ярьдаг. Хөдөө орон нутагт нэн шаардлагатай байгаа амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаад талархаж байна. Цаашид илүү олон хөтөлбөрт хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гээд аймгийн хүндэт тэмдгийг гардуулан өглөө гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.  






Холбоотой мэдээ