Тайвань дотооддоо гарган авсан вакцинаа хэрэглэж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-08-23 13:08:53

ТАЙБЭЙ. /Kyodo/. Тайваньд дотооддоо гарган авсан “Medigen” коронавирусний вакциныг өнөөдрөөс хэрэглэж эхэлсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Цай Ин Вэнь нийслэл Тайбэй хотын эмнэлэгт уг вакциныг тариулжээ.


Энэхүү вакцины эхний тунг хийлгэснээр “Medigen Vaccine Biologics” компанийн гарган авсан шинэ вакцин үр дүнтэй, аюулгүй гэдгийг батлан харуулж, вакцинжуулалтын түвшнийг нэмэгдүүлнэ гэж Цай Ин Вэнь найдаж байгаа ажээ.


Тайвань хилийн чанадаас вакцин татан авахад хүндрэл учраад байгаа үед энэхүү вакцинжуулалт эхэлж байна. 


Олон нийтийн дунд тавдугаар сарын дунд үеэс халдвар тархаж эхэлсэн ч Засгийн газар хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний дүнд халдварын тархалтыг амжилттай хяналтад аваад байгаа юм.


Гэсэн хэдий ч дэлхийн улс орнуудад “Дельта” хувилбар тархаж байгаагийн зэрэгцээ тайваньчуудын вакцинд хамрагдах үзүүлэлт сул байгаатай холбогдуулан Засгийн газар “COVID-19”-ийн түгшүүрийн хоёрдугаар түвшнийг үргэлжлүүлэн тогтоохоор төлөвлөж байна.


Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны мэдээлснээр, баасан гаргийн байдлаар хүн амын 40 орчим хувь нь вакцины эхний тунд хамрагджээ. Одоогийн байдлаар “Medigen” вакциныг хийлгэхээр 600 мянга орчим хүн бүртгүүлсэн байна. 

Холбоотой мэдээ