Нийт өвчлөлийн 40-өөс дээш хувь нь дельта хувилбар байх магадлалтай байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-08-19 15:42:39

Завхан/МОНЦАМЭ/. Аймгийн Шуурхай штаб хуралдаж мэргэжлийн байгууллагуудаас коронавирусний халдварын цаг үеийн мэдээллийг өглөө.

-“ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид мутацид өөрчлөлт илрүүлэх, вирусийн дельта хувилбар тодорхойлох шинжилгээг хийж эхэлсэн байна. Тиймээс тус аймгаас 30 сорьц илгээснээс түүвэрчилсэн байдлаар эхний 10 сорьцод шинжилгээ хийхэд долоо нь дельта хувилбар болох нь батлагджээ. Эдгээр тохиолдлууд нь Улиастай сумын зургаа, Цэцэн-Уул сумын нэг иргэн дельта вирусээр өвчилснийг батлаад буй юм. Дээрх долоон иргэний ойрын хавьтал болох 67 иргэн коронавирусний халдвар авсан нь өнөөдөр мөн батлагдаад байна. Тандалт судалгааны багийн тооцооллоор дельта хувилбарын эхний тохиолдол долоодугаар сарын 20-ны үеэр орж ирсэн бөгөөд дэгдэлтийн оргил үе, хүндрэлийн шат ирэх долоо хоногоос эхэлнэ. Мөн нийт өвчлөлийн 40-өөс дээш хувь нь дельта хувилбар байх магадлалтай байна. Тиймээс аймагт яаралтай “Шинжилгээний цэг” байгуулах. Нэмэлт оруудыг бэлтгэх, эрсдэлийн үнэлгээ, төлөвлөгөөнд тодотгол оруулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр болсныг мэргэжлийн байгууллагууд дуулгалаа. Түүнчлэн иргэдийг олон хүн цугларсан газраар аль болох явахгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг онцгойлон анхааруулж байна” гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ