Барилгын политехник коллежид “Чадамжийн төв”-ийг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-19 13:11:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилгын политехник коллежид “Чадамжийн төв”-ийг өнөөдөр нээлээ.


Чадамжийн төв нь хэв хашмал, арматур, эрчим хүчний хэмнэлттэй барилгын бүтээц угсрах, өнгөлгөө чимэглэл, шавардлага, токарь хуурай хийц, гагнуур, мужааны зэрэг дадлагын 10 газар, сэргээгдэх эрчим хүчний лаборатори, нийт 12 том, 16 жижиг өрөөтэй.


Энэ төвд эрчим хүчний хэмнэлттэй барилгын бүтэц угсралтын мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаагаараа чухал болохыг Барилга, хот байгуулалтын сайд Б. Мөнхбаатар нээлтийн үеэр хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм. Мөн энэ үеэр ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Халамжаас Хөдөлмөрт” шилжих гол хөшүүрэг нь мэргэжилтэй ажилтныг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн бэлтгэж, ажлын байртай болгох явдал гэдгийг онцоллоо.



“Чадамжийн төв”-ийн 2 давхар барилгыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ХНХЯ-наас хэрэгжүүлсэн “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд Барилгын политехник коллежид 1733 м2 талбайд барьжээ.

Ингэснээр Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн тэргүүлэх чиглэлийн нэг болох барилгын салбарын мэргэшлийн ур чадвар бүхий мэргэжилтэнг орчин үеийн дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмж ашиглахад сургаж, хөдөлмөрийн зах зээл д нийлүүлэхээс гадна уг мэргэжлийн багш, ажилтанг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах, аж ахуйн нэгж, байгууллагын захиалгат сургалт, ур чадварын тэмцээн, ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулах, иргэний амьдрал практикаас олж авсан мэдлэг, ур чадварыг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх боломж бүрдэх юм.





Холбоотой мэдээ