Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр зах худалдааны төвүүдийг ажиллуулахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-08-17 23:03:56

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт коронавирусний халдварын голомт бүхий газруудад эцсийн халдваргүйжүүлэлтийг хийгээд байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Ерөнхий боловсролын сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхтэй холбоотой ковидын эмнэлэг болгон дэлгэсэн байсан сургуулиудын байранд эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, нүүлгэн шилжүүлээд байна. Тухайлбал Политeхник коллeж, Улиастай сумын 3-р сургуулийн байруудад голомтын эцсийн ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлээ. Мөн Улиастай сумын худалдааны төв, захуудаас халдвар голомтлон тархсан тул үйл ажиллагааг нь түр хязгаарлаад байна. Аймгийн хэмжээнд бүртгэгдээд байгаа ихэнх халдварын тохиолдол үсний найр, хуримд очсон иргэдээс илэрч байна. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх шаардлагатай. Иргэд аль болох хурим, үсний найрыг зохион байгуулахгүй байх хэрэгтэй байна. Мөн үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй албан байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, үйлчилгээний газрууд ариутгал халдваргүйтгэлийг байнга хийх шаардлагатай. Завхан аймагт дельта хувилбар тархсан эсэхийг тодорхойлох шинжилгээнүүдийг төв рүү илгээсэн байгаа. Мөн 12-оос дээш насны иргэдийн вакцинжуулалтыг өдөр бүр хийж байна. Түүнчлэн улс орон даяар зохион байгуулагдах элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр аймгийн төвд хүний бөөгнөрөл үүсэх учраас томоохон зах худалдааны төвүүдийг ажиллуулахгүй байх шийдвэрийг өнөөдрийн аймгийн Онцгой комиссын хурлаас шийдвэрлээд байна” гэв. 

Холбоотой мэдээ