Бэлчээрийн цогц менежментийг Идэр суманд хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-08-17 16:11:10

Завхан/МОНЦАМЭ/. Идэр суманд сүүний цехийн нээлт болж, бэлчээрийн малын сүүгээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой боллоо.

-Идэр суманд 2019 оноос хэрэгжиж эхэлсэн АДРА Олон улсын байгууллагаас сүүний нэмүү өртгийг нэмэгдүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд Сэйвори хүрээлэн (Savory institut)-ийн бэлчээр сайжруулах, нөхөн сэргээх, хамгаалах аргачлалаар малын гаралтай бүтээгдэхүүнд байгалийн баталгаажуулалт хийх зорилготой ажиллаж буй. Энэ зорилгын дагуу “Бэлчээрийн цогц менежмент” төсөл энэ оны зургаадугаар сараас 2023 оны 11 дүгээр сар хүртэл хэрэгжихээр боллоо. Өөрөөр хэлбэл ямар ч зах зээлд манай сумын малын гаралтай бүтээгдэхүүн гарах боломжтой болсон гэсэн үг юм. Энэ төсөл, сүүний цехийн нээлт болж, аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Идэр сумын Засаг дарга Ч.Мөнххүрэл, АДРА олон улсын байгууллагын Монгол улс дахь суурин төлөөлөгч Ванделл Маранан нар оролцож хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.  Идэр суманд хэрэгжих бэлчээрийн цогц менежмент төсөл нь сумын бэлчээр ашиглагчдын хэсгүүд дээр суурилж хэрэгжинэ.


Улирал харгалзахгүйгээр сүүн бүтээгдэхүүнийг

хямд үнээр хэрэглэнэ

Идэр сум бэлчээрийн малын сүүгээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх "ИДЭР" нэртэй сүүний цехийг нээлээ.

Энэ цех нь “Бэлчээрийн цогц менежмент” төслийн хүрээнд нээгдэж буй. Энэ сүүний цех нь малчдаас 1500-2000 төгрөгөөр сүүг нь худалдан авч үйлдвэрлэлийн аргаар боловсруулж эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх юм. Тухайлбал бэлчээрийн сарлагийн сүүг хүнсний технологичийн зааврын дагуу боловсруулж эрүүл ахуйн шаардлага хангасан пакетласан сүү, тараг, цөцгий масло, зөөхий, аарц, ааруул, шар тос зэрэг 10 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэрэглэгчдийн гарт хүргэх юм. Тус сүүний цех нь нээгдэж үйл ажиллагаагаа явуулснаар суманд гурваас таван хүний ажлын байрыг бий болгоод байна. Цаашид сүүний цехийн бүтээгдэхүүнүүд Улиастай болон бусад сумдад худалдан борлуулах. Сүү, цагаан идээний үнэ ханш улирал бүр өөрчлөгдөж, тогтворгүй байдаг. Тэгвэл бэлчээрийн сарлагийн сүүний цэвэр бүтээгдэхүүнийг иргэд улирал харгалзахгүйгээр шинээр нь, үйлдвэрийн үнээр нь байнгын хэрэглэх боломж бүрдэж буй юм гэж Идэр сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

 /Бэлчээрийн малын сүүгээр нэмүү өртөг шингээж үйлдвэрлэсэн органик бүтээгдэхүүнүүд/

/Үйлдвэрт ирж буй сүүний чанар, эрүүл ахуйг өглөө бүр шалгадаг/

/Химийн аргаар эсвэл хуурай сүүгээр бус харин уулархаг ойт хээрийн бүсийн Хангайн нурууны бэлчээрийн ургамлаар идээшилдэг цэвэр сарлагийн сүү болон намрын цөцгий амтагдсан тараг/

Холбоотой мэдээ