"Ногоон алт" төслийн зохицуулагчийг "Алтан гадас" одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-08-16 16:39:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын хөгжлийн агентлагаас манай улсад "Ногоон алт-Малын эрүүл мэнд" төслийг хэрэгжүүлээд дуусаж байна. Тус төслийн зохицуулагч Ц. Энх-Амгаланг "Алтан гадас" одонгоор шагнасныг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т. Жамбалцэрэн гардууллаа.  Тэрээр, "Ногоон алт-Малын эрүүл  мэнд" төсөл нь Монгол оронд бэлчээрийн нөөцийн тогтвортой менежментийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг онцоллоо. 

Үндэсний болон орон нутгийн түвшинд мэргэжлийн байгууллагууд, ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх, малчдын хамтын байгууллагын хөгжлийг шинэ шатанд гаргахад хүчин зүтгэж буйд талархал илэрхийлэв. Мөн малын эрүүл мэндийн хуулийн хэрэгжилт, малын эрүүл мэндийн цахим мөшгих систем, малын гаралтай бүтээгдэхүүний нэмүү өртөгийн сүлжээг хөгжүүлэх зэрэг төр, засгийн бодлого, тэдгээрийн хэрэгжүүлэлтэд  оруулсан хувь нэмэр, олон санаачлагтай ажилд нь талархал байна гэв. 



Төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан хэлэхдээ, “Манай төсөл 2004 оноос эхэлсэн. Ирэх сард хаалтаа хийх гэж байна. Анх 1999-2002 онд тохиосон зудын аюулыг бууруулахад Швейцарын Холбооны улсаас НҮБ-аар дамжуулж хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулж, улмаар хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд төслийг хэрэгжүүлж эхэлж байв. Төсөл анх “Ногоон алт” нэртэй бэлчээрийн экосистемийг сайжруулахад анхаарч эхлээд улмаар зөвхөн бэлчээрийн асуудлыг бус, малчдын амьжиргаа, хөгжил, орон нутгийн хамтын ажиллагааг дэмжиж, төр болон ТББ-уудтай хамтран олон ажлыг хийж хэрэгжүүлж ирлээ.

Хэцүү цаг үед төслөө эхлүүлж байсан ч одоо эргээд харахад Монгол Улсын 18 аймагт Бэлчээр ашиглагчдын холбоо байгуулж, 166 суманд малчдын холбоотой болж, малчдын 76 хоршоо, Дундын 100 гаруй сан, 44 Хадгаламж зээлийн хоршоо бий болсон байна. 20 сая га газрын бэлчээрийг доройтохоос сэргийлж, 5 сая га бэлчээрийг унаган төрхөнд нь орууллаа. Энэ нь салбар хоорондын хамтын ажиллагаа, малчдын нутаг орноо гэсэн сэтгэл, хичээл зүтгэл хамтын ажиллагааны үр дүн юм" гэдгийг онцолж байв.

тэрээр, "Ногоон алт, малын эрүүл мэнд" төсөл хэрэгжсэн 17 жилд Монголын Улсын Засгийн газар, үндэсний мэргэжлийн болон судалгааны байгууллага, их сургуулиуд, малчид, хувийн хэвшлийнхэнтэй хамтран Монгол Улсын "Ногоон Алт-Тал хээр"-ийн бэлчээрийн экосистемийг хариуцлагатай, тогтвортой ашиглахын төлөө тууштай ажиллаж, хувь нэмрээ оруулж ирлээ. Энэ хугацаанд хийсэн бүхий л ажил төсөл дууссан ч цаашид улам дэлгэрч, үргэлжлэх болно" гэлээ. 



Холбоотой мэдээ