Х.Сайхансанаа: Залуусаа ухаан, чадвараа бүрэн дайчилж чадвал боломж байна шүү

Монголын мэдээ | Боловсрол
dogsom@montsame.mn
2015-09-30 17:54:36

 Монголын залуус өндөр хөгжилтэй улс орнуудын их, дээд сургуулиудад суралцаж дэлхийн хэмжээнд дүйцэхүйц боловсрол эзэмших болсон. Үүн дотроо БНХАУ-д боловсрол эзэмшсэн нь цөөнгүй бөгөөд өнгөрсөн онд болсон хоёр орны төрийн тэргүүн нарын харилцан айлчллын үеэр боловсролын салбарт харилцан солилцоог нэмэгдүүлэхээр тохирсныг дурдах нь зүйтэй.

Эл тохиролцооны дагуу ирэх таван жилийн хугацаанд жил бүр Монгол Улсын 1000 оюутан  Хятад улсад тэтгэлгээр сурах  эрх авчээ. Эдгээр оюутны түүчээ болох  150  оюутан энэ зуны долдугаар сард  эрхээ гардан авсан бөгөөд өдгөө БНХАУ-д  5000 гаруй монгол оюутан суралцаж байгаа тухай мэдээ бий. Хятадын Засгийн газар болон ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй  оюутнуудаас гадна хувийн зардлаар суралцагчид цөөнгүй байдаг.  Өдрөөс өдөрт хүчирхэгжин хөгжиж буй Хятад улсад  боловсон хүчнээ бэлтгэх, ялангуяа техник технологийн тусгай салбарын мэргэжилтнүүдээ сургах зайлшгүй шаардлага хэрэгцээ манай улсын хувьд чухал билээ. Хятадын бараа боловсролын салбарын тухайд манайхан элдэв гомдол санал гаргах нь харьцангуй цөөн. Гэхдээ  чанаргүй боловсрол эзэмшигчид багагүй байгааг салбарынхан ярьдаг.  Монголчуудын хувьд  Барууныг зорьсноос  зам  тээврийн хувьд саадгүйн дээр зардал чирэгдэл багатай өмнөд хөршид суралцах залуусын тоо улам бүр нэмэгдэж байна

2015 оны мэдээллийг харвал, Цинхуа Их сургууль, Бээжингийн Их сургууль болон Жэ  Жяны их сургууль, Шанхайгийн Зам тээврийн их сургууль,Фу Даны Их сургууль нь  улс орондоо  сургалтын чанар чансаагаар тэргүүлж байгаа бөгөөд дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад багтаад олон жил болжээ. Өдгөө манай Монголын залуус эдгээр сургуульд суралцаж  байна.

Тэдний нэг болох Цинхуа их сургуульд докторын зэрэг хамгаалан суралцахын  зэрэгцээ Бээжингийн Их сургууль, Бээжингийн Гадаад хэлний Их сургуулийн Монгол судлалын ангид багшилж буй Х.Сайхансанаатай ярилцлаа.

-Юуны түрүүнд  Цинхуа их сургуульд суралцахын зэрэгцээ Хятадын тэргүүлэх сургуулийн Монгол судлалын ангид багшилж байгаад бахархах сэтгэл төрлөө. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

- Намайг Хүрэлбаатарын Сайхансанаа гэдэг. Би Хятадын Цинхуа их сургуульд Хуульзүйн ухааны докторын зэрэг хамгаалахаар сурч байна. 2015 он дөнгөж гарсан даруйд надад Бээжингийн Их сургууль, Бээжингийн Гадаад хэлний их сургуулиас урилга ирсэн тул эл урилгын дагуу Монгол судлалын багшаар ажиллаж байна. Монгол судлалын ангийн хувьд Хятад оюутнуудаас гадна Япон, Солонгос, Казакстан зэрэг олон улсын бакалавр, магистр, докторант оюутнуудад Монгол хэл заахын зэрэгцээ Монголын түүх соёл, зан заншил, улс төрийн талаар хичээл заадаг. Монгол Улсын мэдээллийн том агентлаг МОНЦАМЭ-д ярилцлага өгөх завшаан олдсонд баяртай байна.

- Хятадад олон жил сурч амьдарч байгаа юм байна. Ийм олон жил энд суралцах болсны учир шалтгаан юу вэ?

-Манай ээжийг Сүрэнжавын Өнөрсайхан гэдэг. Хамгийн анх Монгол улсаас Хятад улсад Шинжлэх ухааны доктор цол хамгаалсан судлаач, профессор хүн. Ээжийгээ энд сурч байх хугацаанд Хятад улсад жил гаруй хамт байсан бөгөөд энэ хугацаанд Хятадын түүх соёлтой танилцаж улмаар энэ улсад боловсрол эзэмшиж ээжтэйгээ адил чадварлаг доктор болохыг хүссэн. Анх 2006 онд Хятадын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад амжилттай оролцоод Хятад улсын Жилиний их сургуульд Хуульзүйн ухааны бакалаврын цол хамгаалсан. Төгсөх жилээ Зүүн Хятадын Боловсролын их сургуулиас урилга авч Шанхай хотод Удирдлагын ухааны мастер цол хамгаалсан. Суралцаж байх хугацаандаа удирдагч багшийнхаа олон төсөлд оролцож их юм сурч мэдэж авсан ч хангалтгүй санагдан төгсөх жилээ докторантурын шалгалт өгч Цинхуа их сургуульд суралцах урилга авсан. Одоо Бээжинд ирээд 3 дахь жилдээ сурч байна.

-Өвөө тань Төрийн Соёрхолт, Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч  Ш.Сүрэнжав гэж дуулсан. Урлагт авьяастай хөгжим ч тоглочихдог, уран зураг зурдаг чадвартай дээрээс нь хөдөлмөрч чанар эзэмшихэд  өвөөгийн тань  нөлөө багагүй  байх?

-Тиймээ, миний өвөө олондоо нэр алдартай Ардын уран зохиолч, билэг танхай найрагч хүн. Би өвөөгөөрөө их бахархдаг. Өвөөгийн минь төрсөн дүү Төрийн соёрхолт зураач  Б.Пүрэвсүх гэж "Мандухай цэцэн хатан", "Чингис хаан" киноны ерөнхий зураачаар ажилласан, авьяаслаг зураач  байсан. Миний аавын ээж Цэргийн дуу бүжгийн чуулгад хийл хөгжим тоглодог сайхан үзэсгэлэнтэй эмэгтэй байсан. Аав маань дүү бид гурвыг багаас л хөгжмийн урлагт мэдрэмжтэй, зураг зурах, усанд сэлэх, сагс тоглож сургасан. Хүн юуг ч сурсан байхад эргээд чамд маш их хэрэг болдог  юм гэж үргэлж захидаг нь миний хүмүүжилд их нөлөөлсөн байхаа. Аав, ээж, эмээ, өвөөдөө их баярлаж явдгаа танай сайтаар дамжуулан хэлэхийг хүсч байна.

-Зүүн Өмнөд Азийн орнуудаар ганцаараа  үүргэвчтэй аялал хийсэн тухайгаа бидэнд ярьж өгнө үү?

-Би чөлөөт цагаараа аяллаар явах их дуртай. Магадгүй багаасаа л гэрийнхэнтэйгээ их олон газар орноор аяллаар явдаг байлаа. Хятадад сурч байх хугацаандаа энэ улсын олон хотоор аялж түүх соёлтой нь танилцсан. 2012 онд Хятадын Шиамэны их сургуулийн докторант найз Мандахаас Зүүн Өмнөд Азид хийсэн аяллыг нь сонсоод найзынхаа санал болгосон замын дагуу ганцаараа Зүүн Өмнөд Азийн зургаан улс Вьетнам, Камбож, Лаос, Тайланд, Малайз, Сингапурын нийт 25 гаруй хотоор аяласан. Очсон газар болгондоо олон сайхан хүмүүстэй танилцаж дэлхий ертөнцийн ард түмний нэгээхэн хэсгээс  олон зүйл сурч мэдсэн сайхан аялал болсон доо. Миний бодлоор аливаа нэгэн газар сайхан санагдах эсэх нь тухайн газар орны хүмүүсээс их шалтгаалдаг шиг санагдсан. Зүүн Өмнөд Азийн улсуудын ард түмэн их тайван, амгалан, найрсаг байсан учраас тухайн газар нь ч гэсэн их сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Гэхдээ байгаль, цаг агаар нь манай Монголыг гүйцэх улс байхгүй санагдсан шүү. Дараагийн удаа Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах төлөвлөгөөтэй байгаа.

-Цинхуа их сургуулийг Хятадын олон алдартнууд төгссөн  шүү дээ.  Монгол  оюутнууд танай сургуулийг төгссөн нь цөөхөн байх аа?

-Тийм шүү, Хятадын үе үеийн удирдагчид энэ сургуулийг төгссөн байдаг. Одоогийн БНХАУ-ын дарга Си Зиньпин төгссөн сургууль. Ер нь бол шаардлага их өндөртэй, англи,  хятад хэлний зохих стандартыг эзэмшсэн байх ёстой. Манай сургуульд монгол оюутнууд цөөхөн. Монгол улсаас хамгийн анхны докторант нь одоогийн Энержи Ресурс ХХК-г үүсгэн байгуулагчдын нэг Булган гэж эгч химийн чиглэлээр 2007 онд төгссөн юм билээ.  Мөн манай сургууль нь Хятад улсын хэмжээнд бакалаврын ангид гадаадын оюутан элсүүлэхдээ конкурс шалгалтаар элсүүлдэг цорын ганц сургууль. Хятад хэлээр хятадын түүх, хими, физик, тоо, англи хэлний шалгалт өгч мэргэжлийн ангидаа элсдэг.  Энэ их хэцүү шалгалтыг өгөөд мэргэжлээрээ амжилттай төгссөн керамик дизайны ангийн оюутан Онон, барилгын төслийн ангийн оюутан Өнөржаргал гээд шилдэг оюутнууд бий. Манай сургуульд суралцдаг монгол оюутнуудын ихэнх нь мэргэжил болгондоо хамгийн анхны төгсөгчид нь байдаг, одоогоор манай мэргэжлээс анхны докторантаар би сурч байна.

-Дэлхийн хэмжээний боловсрол эзэмших боломж дэргэд байна. Хятадад  суралцах оюутнуудад хэрхэн зөвлөх вэ?

-Ихэнх оюутнууд Хятадад хэрхэн тэтгэлэгтэй суралцах талаар асуудаг. БНХАУ-д Хятадын засгийн газрын тэтгэлээс гадна хотуудын тэтгэлэг, сургуулийн шилдэг оюутны тэтгэлэг гээд  маш олон тэтгэлэгт хөтөлбөр байдаг. Хятадад суралцахаар сонирхож буй оюутнууд сонирхсон сургуулийнхаа вэб хуудсаар орж англи, хятад хэлээр бүх мэдээллээ авч материалаа шууд тухайн сургууль руу явуулж өөрийн чадлаар тэнцэх боломж бололцоо бүрэн байдаг. Гол нь бэлэнчлэх биш өөрөө шантралгүй мэдээлэл хайн багш нартайгаа холбогдох нь чухал. Материалаа томоохон сургуулиуд руу явуулах хэрэгтэй. Сургуулийн нэр хүндийг дагаад сургалтын чанар өөр байдаг. Миний өөрийн туршлагаас харахад үнэхээр материалаа сургуулийн заасны дагуу зөв сайн бэлдээд явуулах юм бол том том их сургуулиудын үүд хаалга оюутнуудад үргэлж нээлттэй байдаг. Хятад улсад олон улсын нэр хүндтэй сургуульд суралцах боломж өргөн бий. Гэхдээ хувь хүний хичээл зүтгэл чухал.

-Энэ он жилүүдэд Хятад улс маш хурдацтай хөгжиж байгаа. Бидний хувьд хятад хүмүүсээс энэ улсын хөгжил дэвшлээс суралцах зүйл их байна гэж надад санагддаг л даа?

-Хятад улс сүүлийн жилүүдэд залуучуудаа дэмжиж дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх боловсон хүчин бэлтгэх тал дээр маш сайн анхаарч ажиллаж байна. Аливаа улсын залуучууд маань тухайн улсынхаа ирээдүй шүү дээ. Би Зориг агсаны хэлсэн  “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн сайхан үгийг үргэлж санаж явдаг. Манай Монголын залуучууд саруул ухаан, чадвараа ашиглаж чадвал бидэнд боломж бололцоо байна шүү . Гол нь өөрсдийгөө бүрэн дайчилж сурч хөдөлмөрлөх л  хэрэгтэй байна.

 

МОНЦАМЭ. Бээжин.Д.Энхчимэг

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд