Тээвэрчдийн холбоо ЗТХЯ-тай гэрээ хийснээр 76 сая долларын нүүрс экспортлоод байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ-наас өнгөрсөн хавар Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэл дэх 407 км автозамын тээврийг "Баянзам" ТББ-д шилжүүлж гэрээ хийжээ. Энэ нь хууль бус байна гэж автотээврийн мэргэшсэн инженер хэмээн өөрийгөө танилцуулсан иргэн Ж.Энхбат өнөөдөр ЗТХЯ-ны үүдэнд мэдээлэл хийлээ. Тэрээр дээрх гэрээгээр төрийн чиг үүргээс давсан хураамжийг жолооч нараас авч байна гэж мэдэгдэн гэрээг цуцлахыг шаардсан юм.
Энэ үеэр түүний мэдэгдлийг Хот, хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны удирдлага болон ахмад тээвэрчдийн төлөөлөл эсэргүүцэж буйгаа илэрхийлж үг хэлэв.
Гавьяат тээвэрчин Т.Хүрэлхүү хэлэхдээ, "Төр, засгаас ТББ, хувийн хэвшилд зам тээвэр, дэд бүтцийн бүх салбарыг гэрээ хийж хамтран ажиллах бүх эрх зүйн орчныг нээж өгсөн. Үүний дагуу тээвэрчдийн ТББ-ууд төрөөс тавьж буй шаардлага, тодорхой нөхцөлийг хангаад, тээвэр хийж буйг бид мэднэ. Коронавирусний халдварын нөхцөл байдлаас болоод нүүрс тээвэр саатаад буй үед Чойр дээр нүүрс угаагаад, төмөр замаар нүүрс гаргаж байна. Мөн тээвэр хийж байгаа нь улсын эдийн засагт харин нэмэр болж байгаа" гэв.
Тэрээр, "Зам тээврийн салбарт сүүлийн жилд бишгүй ажил хийж байна. Олон жил царцаад байсан төмөр замын бүтээн байгуулалт өрнөж ажилд орсон. Коксжсон нүүрс Гашуунсухайт, Замын-Үүд гээд бүх боомтоор төмөр зам, авто тээвэр гэсэн олон сувгаар гарах боломж бүрдэж байна. Эдийн засагт нэмэр тустай ажлыг хийж буй хэмээн тээвэрчид бид үзэж байгаа. Ингэж улс төр хиймээргүй байна" гэсэн юм.
Дээрх үйл явдалтай холбогдуулан тээвэрчдийн "Баян зам" холбооноос мөн өнөөдөр тайлбар мэдээлэл хийлээ. Тус холбоо Тавантолгойн бүлэг ордоос Чойр өртөө хүртэл 407 км экспортын замаар нүүрс тээвэрлэх ажлыг анхлан санаачилж салбарын яаманд хандсанаар хууль ёсоор хэрэгжүүлж буйг мэдэгдэж, иргэн Ж.Энхбатын тавьж буй шаардлагыг мэргэжлийн холбоодын нэрийг барьсан, гүтгэлгийн шинжтэй улстөржсөн мэдэгдэл хэмээн эсэргүүцэж буйгаа мөн илэрхийлэв. Тус холбоо өнгөрсөн хугацаанд 300 рейс хийж, 76 сая ам.долларын орлого олох нүүрсийг Чойр өртөө рүү тээвэрлэж экспортод гаргаад буйг "Баянзам" тээвэрчдийн холбооны ТУЗ-ийн дарга Д.Баярхүү мэдээллээ.
Тодруулбал, анхлан 90 хоногт 450 мянган тонн нүүрсийг Цогтцэцийгээс Чойр хүртэл тээвэрлэж, үүнээс 300 мянган тонныг Замын-Үүд-Эрээний боомтоор төмөр замаар гаргажээ.
Р.Батхишиг
Гэрэл зургийг Н.Батбаяр