Financial Times: Оюу толгойн асуудалтай холбоотой “Rio Tinto”-гийн тайлбарт эргэлзэхэд хүрлээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-08-10 18:34:44

ЛОНДОН. /Financial Times/. Монгол Улс дахь зэсийн томоохон төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж, зардал нь 6.75 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэнд геологийн нөхцөл голлох нөлөө үзүүлээгүй гэдгийг хөндлөнгийн дүгнэлтээр тогтоосон нь “Rio Tinto” компанийн өгсөн тайлбараас зөрлөө.


Англи-Америкийн тус компани урьдчилан таамаглаагүй геологийн хүчин зүйлийн улмаас Оюу толгойн далд уурхайн төслийн төлөвлөгөөг дахин гаргах шаардлагатай болсонтой холбоотойгоор ашиглалтад орох хугацаа нь хоёр жил орчмоор хойшилж, зардал нь 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдэх төлөвтэй байгааг 2019 оны долоодугаар сард мэдэгдсэн юм.


Гэсэн хэдий ч төслийг хойшлоход хүргэсэн шалтгааныг судлах үүрэг хүлээсэн хөндлөнгийн зөвлөхүүдийн бүлэг хөрсний чулуулгийн нөхцөл урьдчилан таамаглаж байснаас хол зөрүүтэй байсан гэх нотолгоог олоогүй байна.


Financial Times” сонинд нийтэлсэн 157 хуудас бүхий тайланд уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсныг малтлагын ажлыг дуусгахад дайчилж болох байсан багийн тоог хязгаарласан нэг км гүн хоёр босоо ам гэх мэт гол дэд бүтцийн ажлуудтай холбоотой гэж үзжээ.


Энэхүү дүгнэлт нь Оюу толгойн бүтээн байгуулалтын төлөвлөгөөн дэх дараагийн алхмыг хэзээ хийх талаар Монголын Засгийн газартай тохиролцож чадахгүй байгаа “Rio Tinto”-гийн хувьд эмзэг цаг үед гарч буй юм.


Эхний олборлолтыг 2022 оны 10 дугаар сард хийх төлөвтэй байгаа боловч хоёр тал санхүүжилтийн шинэ гэрээний талаар маргаантай байгаа учраас уг зорилтод хүрч чадах эсэхэд шинжээчид эргэлзэж байна.


Мөн Их Британийн санхүүгийн хяналтын байгууллага “Rio Tinto” 2018 оны есдүгээр сараас 2019 оны долоодугаар сарын хооронд Оюу толгойн үнэ цэнийн талаарх мэдээллийг ил тод болгохдоо холбогдох журмаа зөрчсөн эсэхийг шалгаж байгаа талаар уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ. “Rio Tinto”-гийн хувьд өмнө нь, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой мэдээлэх үүргээ “цаг ямагт биелүүлсээр ирсэн” гэдгээ мэдэгдэж байсан юм.  


Харин даваа гарагт Улаанбаатарын зүгээс, “Хөндлөнгийн дүгнэлтээр далд уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж, зардал хэтэрсэнд “геотехникийн асуудлууд” нөлөөлөөгүй бололтой байгааг тогтоосонд “санаа зовниж байна” хэмээн мэдэгджээ.


“Энэ нь “Оюу толгой” ХХК, “Rio Tinto” компаниас Засгийн газарт ирүүлсэн тайлбараас зөрүүтэй байна. Энэхүү тайланг бүрэн нягталсны дараа бид “Rio Tinto”-гоос албан ёсны тайлбар хүснэ” гэж уг мэдэгдэлд мөн дурдсан байна.


Улаанбаатар нь уурхайг эзэмшдэг хамтарсан компани болох “Оюу толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд бүтээн байгуулалтын зардлын хувь хэмжээг төлөх үүрэг хүлээсэн юм. Иймээс төсөв хэтэрснээр ашигт малтмал ашигласны төлбөр болон бусад төлбөрийг мөн төдий чинээгээр хүлээх шаардлагатай болно.


Rio Tinto”-гийн зүгээс, “хөндлөнгийн дүгнэлттэй” нарийвчлан танилцсаныхаа дараа төслийн бусад хувьцаа эзэмшигчидтэйгээ хамтран ажиллана гэдгээ мэдэгдээд байна.


“Бид далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ахиулж, бүх хувьцаа эзэмшигчид хамгийн ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө Монголын Засгийн газартай бүтээлчээр хамтран ажиллахад үргэлжлүүлэн анхаарлаа хандуулна” гэж “Rio Tinto”-гийн мэдэгдэлд дурджээ.


Оюу толгой нь “Rio Tinto”-гийн хамгийн ирээдүйтэй төслүүдийн нэг юм. Тодруулбал, далд уурхайн бүтээн байгуулалт нь дуусах үедээ дэлхийн зэсийн хамгийн том уурхайнуудын нэг болж, жилд 500 мянга орчим тонн зэс олборлох юм.


Гэсэн хэдий ч Улаанбаатартай үүссэн асуудлууд, санал зөрөлдөөнтэй тулгараад байна. Засгийн газар төслийн хугацаа хойшилсон, зардал хэтэрсэнтэй холбоотой янз бүрийн мэдээллүүдийг тодруулахын тулд хөндлөнгийн дүгнэлт хийлгэх саналыг өнгөрсөн онд гаргасан юм.


Rio Tinto”-гийн Монгол дахь зэсийн бизнесийг 2017-2019 онд хариуцаж байсан Их Британийн иргэн Ричард Боулигийн хувьд, тус компани Оюу толгойд үүссэн асуудлуудын талаар хөрөнгө оруулагчдадаа танилцуулахаасаа олон сарын өмнө мэдсэн гэдгийг мэдэгдсэн юм.  


Мөн хөндлөнгийн дүгнэлтийг уул уурхайн салбартаа тэргүүлэх хоёр инженерээр нарийвчлан хянуулахад, “Rio Tinto”, гэрээт ажилтнуудын аль алин дунд ийм нарийн төвөгтэй, өндөр ач холбогдолтой төслийг удирдахад тохирох туршлагатай өндөр албан тушаалтан байгаагүй гэж үзжээ. 


Эцсийн дүнд нь, төсөл эхний зургаан сардаа л төлөвлөсөн хуваариасаа хоцорч, цаг хугацаа өнгөрөх тусам нөхцөл байдал улам хүндэрсээр байсан гэдгийг дүгнэлтэд онцлон тэмдэглэсэн байна.


Энэхүү тайланд зардал хэтэрснийг хэд хэдэн шалтгаантай холбон тайлбарласан бөгөөд үүнд зураг төсөл болон бүтээн байгуулалтын ажилтай холбоотой алдаанууд багтжээ. 

Холбоотой мэдээ