Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болов

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2021-08-10 11:28:28

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумын нутгийн заагт орших мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга наймдугаар сарын 7-ны өдөр боллоо. 


Тахилгын ёслолд зориулан наймдугаар сарын 6-ны орой Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон аймгийн төв хийдийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурж, галын тахилга үйлдсэн юм. Орон нутгийн удирдлага, сүсэгтэн олон өөр өөрийн одонд залбирал, мөргөл үйлдсэний дараа Аргил цагаан өвгөн тууль хайлснаар одны тахилга өндөрлөв.


Наймдугаар сарын 7-нд “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд жавдандаа суун Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурсанаар Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол эхлэсэн юм.


Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв. Тэрбээр “Ганжуур” их хөлгөн судраас адис аван, овооны өмнө гурвантаа мэхийн ёсолж, тэнгэрт хүндэтгэл илэрхийллээ. Мөн үеэр хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлуулж, туульч Алтайн магтаал хайлав.


Монгол Улсын Ерөнхийлөгч Говь-Алтай аймаг, сумдын удирдлагууд, ард иргэд, хүүхэд, залуусыг үндэсний соёл, түүх уламжлал, ёс заншил, нутгийнхаа тахилгат хайрхан, уул, овооны талаар мэдлэг олгох, байгаль хамгаалал, экологийн боловсролыг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх чиглэлээр чармайн ажиллахыг онцлон хэлсэн юм. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Сутай хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах музейд үүрд хадгалуулахаар хүлээлгэн өгсөнөөр Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол өндөрлөв. Тахилгын дараа Сутай  Хайрханы тахилга наадам болсон юм. Наадмаар зургаан насны морьд уралдаан, хүчит 64 бөхийн барилдаан, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорилоо. Улс, аймгийн алдар цолтой 64 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харъяат Монгол Улсын харцага Б.Бат-өлзий түрүүлж Тонхил сумын харъяат Монгол Улсын начин Б.Суманчулуун үзүүрлэж Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Монгол Улсын начин Б.Бат-эрдэнэ, Шарга сумын харъяат Аймгийн арслан Э.Даваажаргал нар шөвгөрчээ.

Эрэгтэй сурын харваанд: 

1.Аймгийн гарамгай харваач Д.Давааням

2. Сумын мэргэн Д.Алтайбаатар 

3. Сумын мэргэн Ю.Түмэнжаргал 

4. Сумын гарамгай харваач н.Жаргалсайхан 

5. Сумын мэргэн Б.Банзрагч 

Эмэгтэй харваанд: 

1. II зэргийн харваач н.Жавзмаа 

2. Сумын гоц харваач н.Оргилмаа 

3. Залуу харваач н.Хишигээ 

4. Залуу харваач н.Ууганбаяр 

5. Сумын мэргэн Ш.Буянхишиг нар цэц мэргэнээ сорин эхний 5 байрт орлоо. Харин хурдан морины уралдаанд

ИХ НАС:

Түрүү Дарив сумын Алтангэрэлийн алаг,  аман хүзүүнд Тонхил сумын С.Дашнямын хар,  айргийн гуравт Жаргалан сум н.Болдбаярын хээр, айргийн дөрөвт Дарив сум Алагсандрын халтар, айргийн тавд Дарив сумын Б.Чойдогийн хүрэн  

АЗАРГА:                                        

Түрүү магнай Хөхморьт сумын Тайванбаатарын халтар, аман хүзүүнд  Баян-Уул сумын Дамдинбазарын хонгор,  айргийн гуравт Дэлгэр сумын А.Дэлгэржаргалын саарал,  айргийн дөрөвт Дэлгэр сумын А.Дэлгэржаргалын хар,  айргийн тавд Тонхил сумын Б.Сансарбаатарын халзан

СОЁОЛОН:

Түрүү магнай Тайшир сум П.Ойдовын хул,  аман хүзүү Хөхморьт сум н.Билгүүний халтар,  айргийн гуравт Тонхил сум С.Нямдаваагийн буурал,  айргийн дөрөвт Дарив сумын Т.Хишигбаярын сартай хүрэн,  айргийн тавд Дэлгэр сум А.Дэлгэржаргалын хул 

ХЯЗААЛАН: 

Түрүү мангай Дэлгэр сум Баатардашийн хонгор,  аман хүзүү Тайшир сум П.Ойдовын бор, айргийн гуравт Дарив сумын О.Гансүхийн алаг, айргийн дөрөвт Дарив сум Б.Баасандашийн хээр буурал,  айргийн тавд Тайшир сумын Б.Алтанхуягийн ягаан

ШҮДЛЭН:

Түрүү магнай Тайшир сум П.Ойдов  халзан,  аман хүзүү Тайшир сумын Б.Лхагвагийн бор,  айргийн гуравт Дэлгэр сумын Б.Баасандашийн хүрэн халзан,  айргийн дөрөвт Дэлгэр сумын Д.Чагнаадоржийн ембүү халзан, айргийн тав Тайшир сумын Б.Нямдоржийн сартай халзан 

ДААГА:

Түрүү магнай Тонхил сум Б.Ванчингийн хээр,  аман хүзүү Есөнбулаг сумын Б.Алтанхуягийн хар бор,  айргийн гуравт Хөхморьт сум Б.Энхбаатарын хээр,  айргийн дөрөвт Тонхил сумын Д.Нацагдоржийн хүрэн, айргийн тавд Тонхил сум Л.Отгонбаярын хар тус тус хурдлан түрүү магнай торгон жолоогоо өргөсөн юм. Ийнхүү энэ удаагийн тахилга наадам ёслол төгөлдөр өндөрлөллөө.