Миний мэдэх МОНЦАМЭ-гийн Гадаад мэдээний редакци

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2021-08-10 08:45:33
@ShoovdorBatbold

Молхи орчуулагч миний бие 1970 оны наймдугаар сарын 12-ноос тэр үеийн Мэдээлэл, зурагт радиогийн улсын хорооны (хожим Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо гэж нэрлэх болсон) МОНЦАМЭ агөнтлагийн  Гадаад мэдээний хэлтэст (тэр үед Гадаад мэдээний хэлтэс байгаад хожим редакци болсон юм) орчуулагч-редактораар ажиллах болсон билээ. Хэлтсийн дарга нь Гончигийн Балдандорж хэмээх их цэвэр цэмцгэр, ажилтан нартаа хатуу шаардлага тавьдаг нэг тийм хүн байв. Чухам тэр хүн намайг Улсын Багшийн Дээд Сургуулийн оюутан байхаас сонирхож, байн байн ирж уулзан, орчуулгад дур сонирхолтой эсэхийг асуун, ойр зуурын юм орос хэлнээс орчуулуулж үздэг байв. Тэгэхнээ төгсөхөөр нь МОНЦАМЭ-д орчуулагчаар аваад ажиллуулчихаар хүн байна уу хэмээн манай факультетийн багш нартай уулзан “судалгаа” хийж явахад нь бидэнд орчуулгын онол, практикийн хичээл заадаг байсан Готовын Аким багш түүнд намайг “орчуулагч болох сонирхолтой, орчуулга хийх дуртай, овоо сурдаг оюутан байгаа юм” гэх зэргээр магтан зааж өгсөн юмсанжээ. Тэр үед залуухан байсан багш маань манай шилдэг орчуулагч, нийтлэлч, судлаач, соён гэгээрүүлэгч болж, аргагүй л хийж бүтээсэн юмныхаа төлөө Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн хэмээх эрхэм цол хүртсэнийг энд дурдахгүй өнгөрч чадсангүй. Үүнийг дурдсаны учир гэвэл тухайн үед МОНЦАМЭ боловсон хүчнийг шилж сонгоход ихээхэн анхаарал тавьдаг байсныг онцлох гэснийх юмаа. Энэ тухай хойно дахин дурдах болно.


Зохион байгуулалтын хувьд хэлтэс нь тyс бүр гурван орчуулагч нэг хариуцлагатай редактор бүхий багаар хоёр ээлжээр ажиллана. Өглөөний ээлж нь өглөө 7.00 цагаас  өдрийн 15.00 цаг хүртэл, оройн ээлж нь өдрийн 14,00 цагаас оройн 21.00 цаг хүртэл ажилладаг байлаа. Өглөөний ээлжнээс нэг хүн өдөр бүр өглөө 5.00 цагт ирж, хамгийн чухал гэсэн 2-3 шинэ мэдээ сонгон орчуулж радиогийн өглөөний 6 цагийн мэдээгээр уншуулдаг байв. Бүтэн сайн өдөр нэг орчуулагч жижүүрлэж, нормтой мэдээгээ хийнэ. Тус хэлтсийн хийж гүйцэтгэдэг ажлын хэмжээ, төрлийн тухайд бол орчуулагч-редактор бүр өдөрт 21 мөрөөр машиндсан 8 хуудас, хагас сайн өдөр 6 хуудас мэдээ хийх нормтой. Өглөөний ээлжийн хариуцлагатай редактор 24 цагаар ажилладаг телетайп хэмээх холбооны хэрэгслээр ирсэн ТАСС агентлагийн олон зуугаар тоологдох мэдээг  авч бүгдийг нь уншин тухайн өдрийн үдээс өмнө орчуулах мэдээг шилж сонгон орчуулагч-редакторуудад хуваарилан өгнө, тэд мэдээгээ орчуулан хариулагатай редактораар хянуулсны эцэст бичээчид өгч машиндуулан, үг үсгийн алдааг хянаад гарын үсгээ зурна. Ийнхүү бэлэн болсон мэдээгээ “Үнэн” сонин болон  бусад сонин, радио, телевизид нийлүүлнэ. “Үнэн” сонины 4 дүгээр нүүр бүтнээрээ манай хэлтсийн хийсэн мэдээгээр дүүрсэн байдаг. Зарим чухал мэдээ тэргүүн нүүрэнд ч гарна. Радиогоор цаг тутамд нэвтрүүлдэг “сүүлийн үеийн мэдээний” тал хувийг гадаад мэдээ эзэлнэ. Заримдаа дотоод мэдээ ховор үед 10 минут дан гадаад мэдээ нэвтрүүлнэ. Радио бол ёстой мэдээний “мангас” шүү дээ. Ердөө 5-хан минутад диктор 10-аад хуудас мэдээ уншдаг гээд л бод доо. Оройн ээлжийнхнийг 13.00 цагт ирэхэд телетайпаар зөндөө мэдээ ирчихсэн байдаг. Дашрамд, намайг анх ирэхэд манай хэлтсийн орчуулагч-редакторууд мэдээнүүдээ авч уншиж танилцаад шууд бичээчид дуудаж өгөн орчуулна, над шиг ноорог цаасан дээр орчуулж бичээд хянуулдаг, орчуулсан мэдээ нь улаан эрээн болтлоо засагддаг тийм орчуулагч гэж байгаагүй. Харахаар гайхмаар ч, бахархамаар ч байдагсан. Хэсэг хугацааны дараа би ч гэсэн шууд дуудаж орчуулдаг болсон л доо.


Өнгөрсөн зууны 60-70-аад он бол олон улсын байдал их түгшүүртэй, “хүйтэн дайн” ид өрнөж байсан, “хүйтэн дайн” нь “халуун дайн” болж даамжрах явдал бишгүй байв. Тухайлбал, Вьетнамын дайн үргэлжилж байв. Энэтхэг, Пакистаны хооронд дайн болж, одоогийн Банладеш улс байгуулагдаж байсан бол араб-израилийн хооронд хэд хэдэн удаа дайн болсон билээ. Энэ бүхний тухай мэдээ материал орчуулна, тойм тайлбар хийнэ гээд ажлын ачаалал маш их байв. Тухайн үеийн тогтолцооны эрхээр ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Брежневийн хэлсэн үг бүрийг орчуулж, “Үнэн” сонинд өгнө. Тэрбээр байн байн энд тэнд үг хэлнэ, орчуулахад 30-40 хуудас болно. Залгуулаад “перестройка” буюу өөрчлөн байгуулалт эхлэхэд ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга М.Горбачевын хэлсэн үг бүрийг бас орчуулна. Хэлсэн үг нь орчуулахад бас л 30-40 хуудас болно. Цагийн зөрөөнөөс болоод  үдээс хойш 17-18 цагийн үеэс тэдний хэлсэн үг телетайпаар цувж эхэлнэ. Маргаашийн “Үнэн” сонинд заавал нийтлүүлэх учиртай тул манай хэлтсийнхэн шөнөжин сууж орчуулж дуусгана, “Үнэн” сониныхон сахиж сууж байгаад аваад явдагсан. Олон шөнө нойргүй хоносон доо. Үүнийг дурдсаны учир гэвэл тэр дарга нарын илтгэл, хэлсэн үг улс төр, эдийн засаг, соёл шинжлэх ухаан гээд нийгмийн хүрээний бүхий л асуудлыг хамарсан байдаг тул орчуулах дадал, чадварыг дээшлүүлэхэд их нэмэр болдог юм билээ. Тэр том илтгэл, үг, ярилцлага зэргийг бас л шууд дуудаж орчуулна, ноорог хийж хянуулаад бичээчид өгч машиндуулж байх цаг, зав байхгүй, маш түргэн шуурхай, гол нь утга, найруулгын алдаагүй орчуулах шаардлагатай байв.


МОНЦАМЭ нь ТАСС-аас гадна  бас Чехословакийн ЧТК, Польшийн ПАП, Болгарын БТА, БНАСАУ-ын Төв цахилгаан мэдээний агентлаг зэрэг агентлагаас мэдээ авдаг байсан юм. Манай хэлтсийн бас нэг үүрэг бол долоо хоногийн бямба гараг бүр “Орчин үе, олон улсын байдал” байдал 20 минутын нэвтрүүлэг бэлтгэнэ. Тухайн долоо хоногт олон улсын хэмжээнд болсон гурван онцлох үйл явдлыг тайлбарлана, нэвтрүүлэгт хоёроос гурван тоймч, тайлбарлагч оролцоно, манайхан радио, телевизээр ярихаараа МОНЦАМЭ-гийн тоймч тэр, тайлбарлагч тэр гэж  танилцуулагддаг. Ер нь үнэн чанартаа тоймчид, тайлбарагчид л байсан юм. Мөн долоо хоногийн ням гараг бүр нэг сэдвээр 15 минутын нэвтрүүлэг бэлтгэнэ. Түүнийг нэвтрүүлэгч уншдаг байлаа. Энэ нэвтрүүлгийг хэлтсийнхэн ээлжилж хийнэ. Миний хувьд энэ л хамгийн хэцүү даваа байдаг байсан. Дараа нь сар тутмын сүүлчээр “Тоймчдын дугуй ширээний яриа" 30 минутын нэвтрүүлгээр тухайн сард олон улсын тавцанд болсон гол гол үйл явдлыг тайлбарлан ярина. Бас ням гараг бүр манай тоймчид телевизээр  олон улсын сэдвээр нэвтрүүлэгт оролцоно. Тэр үед бүх нэвтрүүлэг шууд явдаг, одоогийнх шиг урьдчилан бичүүлэх гэдэг ойлголт ч байгаагүй. Нэвтрүүлэг эхлэхийн өмнөхөн ширээний репетиц хийж байна гэж найруулагчтайгаа бэлтгэнэ, өөрөө өөртэйгээ ярина гэсэн үг, гол нь олгогдсон минутад багтаахыг хичээх ёстой. Эхлээд баахан сандардаг боловч удалгүй дасчихна. Хэлэх гэсэн юмаа тогтоосон хугацаанд нь хэлээд л гарна. Харин ч их цэгцтэй товч тодорхой ярьдаг болж сурдаг юм билээ. Гадаад мэдээний хэлтсийн хариуцан хийдэг байсан үндсэн ажил гэвэл энэ. Үүнээс гадна дарга нарын даалгавраар хагас сайн өдөр өөр албан байгууллагуудад очиж тухайн үед тогтмолжсон байсан өглөөний сонсгол дээр олон улсын байдлын асуудлаар мэдээлэл хийнэ, лекц уншина. Манайхан бас өөрийн санаачилга, бас захиалгаар төвийн сонинуудад олон улсын байдлын асуудлаар тойм, тайлбар бичиж нийтлүүлдэг байсан.


Дээр дурдсан нүсэр ажлыг сайтар бэлтгэгдсэн, мэргэжсэн хүмүүс хийх зайлшгүй шаардлагатай. Үүнтэй уялдуулан тус хэлтэст (редакцид) ажиллаж байсан зарим эрхмүүдийн талаар товч дурдмаар байна. Нэрт орчуулагч, тоймч Б.Дүгэр дурсамжиндаа “...намайг 1960 онд очиж байхад манай хэлтэст нэрт яруу найрагч, “Барсын хэвнэгт баатар”-ыг орчуулсан Доржийн Гомбожав, "Монте Кристо гүн" зэрэг олон сонгодог зохиол орчуулсан М.Даш нарын зэрэг сайчууд байлаа. Тэд орос, монгол ялгаагүй ямар ч материалыг бичээчийн дэргэд суугаад шууд хэлж өгөөд бичүүлж орхидогт би анхандаа их гайхаж биширч байж билээ...” гэжээ. МОНЦАМЭ агентлагийг 1957 онд Засгийн газрын мэдээллийн агентлагийн хувиар дахин сэргээн байгуулсан болохоор Дүгэр гуай түүнээс гуравхан жилийн дараа ирсэн хэрэг. Ингэхлээр Гадаад мэдээний орчуулагч-редакторууд ямар ч материалыг шууд дуудаж өгөн орчуулдаг нь уламжлал болсон хэрэг байжээ. Намайг 1970 онд ирэхэд ч тийм байсныг дээр дурдсан билээ. Тэд бол Хандсүрэнгийн Чулуунгомбо, Дамдиндоржийн Базарваань, Пунцагдоржийн Шагдар, Чоймболын Чагдар, Бадамхандын Батхүү, Навааны Намжилдорж, Яринпилийн Сүхбаатар нар юм. Дараа жил нь Шагдарын Нэмэхбаяр, Баярахын Дүгэр нар Москвагийн радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн хэлстэст орчуулагч, найруулгазүйн редактораар ажиллаж байгаад ирсэн, оронд нь Х.Чулуунгомбо, Н.Намжилдорж нар явсан шиг санагдана. Ер нь манай редакцийн дээр дурдсан бүх орчуулагч, түүний дотор өчүүхэн миний бие Москвагийн радиод ажилласан, зарим нь хоёр ч удаа томилогдон ажилласан байдаг юм. 


...1990-ээд он болоход МОНЦАМЭ Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны бүрэлдэхүүнээс гарч бие даах болсноор манай редакцийн үндсэн үүрэг бага зэрэг өөрчлөгдсөн. Энэ үеэр редакцийн шинэ үе эхэлсэн гэх үү дээ. Дээр дурдсан нэвтрүүлгүүдийг хийх нь манай редакцийн үүрэгт ажил биш болов. Хоёр ээлжээр ажиллахаа ч больсон. Хороо маань манай агентлаг бие даан гарах болсноор Телевиз, радиогийн хэрэг эрхлэх газар нэртэй болов (хожим МҮОНРТ). Радио, телевиз, тус тусын гадаад мэдээний редакцитай, орчуулагчид, тоймчидтой болсон. Гэхдээ хэсэг хугацааны турш манай мэдээг авдаг байсан юм. Харин олон улсын байдлын сэдэвт нэвтрүүлэгт манай редакциас лав л миний тэтгэвэрт гарсан 2009 он хүртэл тоймч оролцуулдаг байж билээ. Агентлаг Ройтерс агентлаг, Синьхуа хороотой гэрээ байгуулж эдгээрээс англи хэлээр мэдээ хүлээн авдаг болсон. Түүнийгээ ашиглан  “Ертөнцийн сонин” нэртэй ротатораар хувилж үдсэн товхимол өдөр тутам гаргаж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүдэд тараадаг байлаа. Түүнийг эхлээд Б.Дүгэр, Х.Чулуунгомбо нарын зэрэг англи хэлтнүүд бэлтгэж байснаа залгуулаад Лувсандоржийн Батбаяр, Дүгэрхүүгийн Батбаяр, Ухнаагийн Нямсүрэн, Ганхуягийн Нарангарав нарын зэрэг шинэ үеийн орчуулагч нар хийдэг болсон билээ. Хэвлэлийн эрх чөлөөний хууль гарснаас хойш тэр болгоныг хийхээ больсон доо. Дашрамд, Лувсандоржийн Батбаяр манай редакцид орчуулагч редактораас эхлээд Хариуцлагатай редактор, улмаар агентлагийн ерөнхий редактор болтлоо дэвшин ажилласан манай редакцийн “бүтээгдэхүүн” байгаа юм. Оросоос монгол руу, монголоос орос руу, англиас монгол руу орчуулна. 1990-ээд оны дунд үеэс эхлэн ажилласан Сэнгэшадавын Отгонцэцэг, Зэдээхүүгийн Амгалан, Цэнд-Аюушийн Мөнххуяг, Алтанхуягийн Эрдэнэтөгс, Товуудоржийн Аззаяа нарын олон сайн орчуулагч манай редакциас төрснийг дурсахад таатай байна. Дурдсан хүмүүсийн олонхийг бас л  судалж авсан, эсвэл нэр дээрээ гадаадад сургаж авсан байлаа. Миний бие гэхэд Г.Балдандорж даргын даалгавраар Улсын хэвлэлийн комбинатын цайр зургийн цехийн мастер, Германд хэвлэлийн инженерийн мэргэжилтэй болсон, орос хэлийг бие дааж сурсан  Цэвэгийн Шарав, Төв аймгийн Баянчандмань сумын сургуулийн орос хэлний багш Сүрэнгийн Сандагдорж нарыг судалж, шалгаж, Ба даргадаа танилцуулснаар тэд манай хэлтсийн орчуулагч болсон юмдаг (Ба дарга тэр хоёрыг өөрөө сонирхож судалж байсан бололтой байгаа юм). Тэр хоёр удалгүй мундагчуудын эгнээнд орсон. Хожим С.Сандагдорж Гадаад мэдээний редакцийг 10 жил удирдсан билээ. Б.Дүгэр, Д.Базарваань, П.Шагдар нар уран зохиолын олон арван ном орчуулсан билээ. Манай хэлтсийн (редакцийн) орчуулагч нарын дотор тал бүрийн авъяастой хүмүүс олон байв. Х.Чулуунгомбо тухайн үедээ Сагсан бөмбөгийн улсын шигшээ багийн тамирчин байсан, оросоос гадна англи, герман, чех хэлийг бие даан маш сайн сурсан, алинаас нь ч орчуулга хийнэ. Б.Батхүү залуудаа хүндийн өргөлт, боксоор улсын аварга болж байсан, орос, герман хэлтэй, орос германаар ямар ч аялгагүй ярина. Д.Базарваань спортын гимнастикийн улсын шигшээ багийн тамирчин, Прагад болсон Дэлхийн залуучууд, оюутны их наадмаас спортын гимнастикаар хүрэл медаль хүртэж байсан, ерөөс Монголын түүхэнд олон улсын тэмцээнээс медаль хүртсэн анхны тамирчин, спортын гимнастикаар Монгол Улсын ууган спортын мастер хүн. Улсын их сургуулийн сэтгүүл зүйн анги төгссөн мөртлөө орос хэлийг бие даан гарамгай сурсан. 1980-аад оны дундуур Радиогийн гадаад нэвтрүүлгийн редакциас манай редакцид шилжиж ирсэн Гончигийн Бизъяа 1940-өөд онд малын бага эмч болсон, 50-иад оны сүүлчээр Намын дээд сургууль төгссөн. Орос, англи, герман хэл бие даан сурсан, оросоос орчуулахдаа гарамгай, бусдын орчуулсныг редакторлахдаа ч сайн. Англи, герман хэвлэл ашиглан өөртөө хэрэгтэй мэдээллийг бүрэн авчихдаг хүн байлаа.


Мөн 1979 онд Улсын их сургууль төгсөөд  “Новости Монголии” сонины сурвалжлагчаар ажиллах болсон Гиваандондогийн Пүрэвсамбууг дурдахгүй байхын аргагүй. Тэр хоёр гурван жилийн дараа манай редакцид шилжиж ирээд жирийн орчуулагчаас Харуцлагатай редактор, улмаар агентлагийн Гадаад сурталчилгаа эрхэлсэн ерөнхий редактор, агентлагийн орлогч захирал хүртэл дэвшин ажилласан, англи хэлийг түр курст үзэж улмаар гүнзгийрүүлэн сурснаар манай агентлагийн анли хэлээр гардаг сонин сэтгүүлийн ерөнхий эрхлэгч болж билээ. Англиас монгол руу, монголоос англи руу орчуулна, бичиг баримт боловсруулахдаа сайн боловсон хүчин юм. Тухайн үеийн “Энх тайван социализмын асуудал” сэтгүүлд ажиллаж байсан, орос хэлнээс арав гаруй ном орчуулчихсан, жигдэрч зүгширчихсэн орчуулагч, волейболын спортын мастер Чулууны Лхагвааг редакцийн санаачилгаар 1990-ээд оны эхээр авч ажиллуулсан  юм. Тэрбээр 20 шахам жил манай редакцид үр бүтээлтэй ажилласан билээ. Тэд бүгдээрээ дээр миний дурдсан шүүлтүүрээр орж, шалгагдаж, судлагдаж байж редакцид ирсэн хүмүүс.


Ер нь агентлагийн үе үеийн удирдлага боловсон хүчин шилж сонгох ажлыг тухайн редакцид өөрт нь хариуцуулдаг, редакци өөрөө судалж, шалгаруулж, дагалдуулж, бэлтгэж байж болмоор нэгийг нь авч ажиллуулдаг байсан. Түүнээс биш элдэв танил тал харах, дээрээс шахалтаар ажилд авах явдал байгаагүйг би сайн мэднэ. Тийм байдлаар ажилд орсон хүмүүс ёстой лай болдог байхгүй юу. Агентлагийн ажлын онцлог мэддэггүй, сэтгүүлчийн авъяасгүй, гадаад хэлний мэдлэгээр маруухан “арын хаалгаар”, “шахаагаар” орсон хүмүүс ажил унагаадаг юм. Ер нь агентлагийн “аригийг даагаагүйг” нь явуулчихдаг, эсвэл өөрсдөө яваад өгдөг байлаа. Онцлон хэлэхэд, өөрийн дур сонирхол, хичээл зүтгэл, редакцийн дэмжлэгтэйгээр наанадаж 1-2 жил сайтар зүтгэж байж агентлагийн шаардлага бүрэн хангасан орчуулагч болдог, цаашлах тусам улам туршлагажина, том текст зоригтой барьж авч хүчээ сорьж, чадвараа дээшлүүлдэг байх ёстой, уран зохиол, улс төр, нийтлэлийн номтой ноцолдож “тамаа цайх” хэрэгтэй. Сайн орчуулгач болно гэдэг тийм ч амар хоол биш үү гэдгийг л хэлэх гэсэн юм.


Нэг сонинирхолтой баримт бол манай редакцийн Хариуцлагатай редактор ямар нэгэн шалтгаанаар солигдоход гаднаас хүн томилогдон ирж байхыг би үзээгүй. Удирдлага дандаа бидний дотроос томилдог байлаа. Тодруулан дурдахад, Г.Балдандорж даргын дараа Д.Базарваань, Б.Дүгэр, Н.Намжилдорж, П.Шагдар, С.Сандагдорж, Г.Бизъяа, Я.Сүхбаатар, Г.Пүрэвсамбуу, өчүүхэн миний бие, Лу.Батбаяр, З.Амгалан нар хариуцлагатай редактораар ажиллаж байсныг сайн мэдэх юм. Гадаад мэдээний редакци одоо ч гэсэн “Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэсэн МОНЦАМЭ-гийн үндсэн үүргийг сайн биелүүлж яваад баяртай байдаг.

Төрөлх Гадаад мэдээний редакцийнхаа тухай санаанд үлдсэнээ дурсахад товчдоо иймэрхүү байна.

Молхи орчуулагч, маруухан тоймч Ц.Даваажав



Цэрэнбалжирын Даваажав  нь УБДС-ийг төгссөн. Орос хэлний багш мэргэжилтэй. МОНЦАМЭ агентлагт орчуулагч-редактор, Гадаад мэдээний редакцийн Хариуцлагатай редактор, олон улсын тоймчоор ажиллаж байв. 


Холбоотой мэдээ