АНУ-ын тамирчин шагналын тавцан дээр гараараа “Х” хэлбэрийг дүрсэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
anudaritsagaan@gmail.com
2021-08-03 15:47:56

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын наадмын бөөрөнцөг түлхэлтийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд медаль хүртсэн АНУ-ын тамирчин Рэйвен Сондерсын ням гарагт шагнал гардуулах ёслолын үеэр гаргасан үйлдэл дэлхий дахины анхаарлыг татаад байна.

Тодруулбал, Токиогийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн тамирчин Р.Сондерс шагнал гардуулах ёслолын үеэр медалийн тавцан дээр гараараа "X" хэлбэрийг дүрслэн үзүүлсэн нь Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ дүрмийг зөрчсөн эсэхийг тус хорооноос шалгаж эхэлжээ.

ОУОХ энэ удаагийн Олимпын наадмын эсэргүүцлийн ажиллагааны эсрэг дүрэм журмыг хөнгөвчилсөн боловч медалийн тавцан дээр эсэргүүцлийн шинжтэй үйлдэл гаргахыг хориглосон хэвээр байгаа юм.

Харин бөөрөнцөг түлхэлтийн тамирчин Р.Сондерс маргаан дагуулснаа хүлээн зөвшөөрөөд, "Энэ медалийг авах гээд хичээгээд үз” хэмээн “Twitter” хуудсандаа жиргэсэн байна.

Мөн өөрийн гаргасан “X” үйлдлийн бэлгэдэл нь "дарамт шахалтад орсон хүмүүсийг" дэмжиж буйгаа илэрхийлсэн санаа хэмээн тайлбарласан түүхийг нийгмийн сүлжээндээ хуваалцжээ. 

Өдгөө 25 настай өнгөт арьст, ижил хүйстэн тамирчин эл үйлдлийг гаргасныхаа төлөө хүлцэл өчихийг хүсэхгүй байгаагаа ч мөн илэрхийлсэн байна. 

Үүний зэрэгцээ өөрийнхөө гаргасан амжилтыг өнгөт арьст, ЛГБТИ, сэтгэцийн эрүүл мэндийнхээ төлөө тэмцэж буй хүмүүст зориулж буйгаа “Instagram” хуудсандаа нийтэлжээ. Тэрээр өмнө нь сэтгэл гутралтай тэмцэж байгаагаа илэн далангүй ярьж байжээ. 

Холбоотой мэдээ