Л.Кэррингтон Токиогийн Олимпын наадмаас хос алтан медаль хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
anudaritsagaan@gmail.com
2021-08-03 13:09:03

ТОКИО. /Xinhua/. Дэлхийн зургаан удаагийн аварга, Шинэ Зеландын тамирчин Лиза Кэррингтон каяк завины эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 200 метрийн төрөлд түрүүлснээр Олимпын гурав дахь алтан медалиа хүртжээ.


Тэрбээр өнөөдөр болсон хагас шигшээ тэмцээнд 38.127 секундийн амжилт үзүүлснээр Олимпын дээд амжилтаа шинэчлээд байсан бөгөөд ийнхүү 38.120 секундэд барианд орсноор амжилтаа улам ахиулсан байна.


Харин тус төрөлд Испанийн тамирчин Тереза Портела 38.883 секундийн амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол Данийн тамирчин Эмма Аастранд Йоргенсен 0.018 секундээр удаалж, хүрэл медалийн болзол хангажээ.


Л.Кэррингтон каяк завины эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 200 метрийн төрөлд алтан медаль хүртсэнээсээ хойш ердөө нэг цагийн дараа каяк завины эмэгтэйчүүдийн 500 метрийн хосын төрөлд өрсөлдөн дахин алтан медаль хүртжээ.


Тэрбээр өнөөдөр ийнхүү хос алтан медалийн эзэн болсноор Шинэ Зеландын каяк завины тамирчид болох Иан Фергюсон, Пол МакДональд, морин спортын домог Марк Тодд нарын адил Олимпоос таван медаль хүртсэн улсынхаа шилдэг тамирчдын нэг боллоо.


Өдгөө 32 настай Л.Кэррингтон Лондоны Олимпоос алт, Риогийн Олимпоос алт, хүрэл медаль тус тус хүртсэн юм.

Холбоотой мэдээ