ОХУ-ын Засгийн газар шатахууны экспортод хориг тавихыг хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-08-02 13:34:11

МОСКВА. /Газета/. Дотоодын зах зээлд үүсээд буй нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд Засгийн газар бензиний экспортод түр хориг тавих боломжийг хэлэлцэж байна хэмээн ОХУ-ын Шадар сайд Александр Новак мэдэгджээ.


Энэ талаарх асуудал тус улсад хавраас хойш яригдаж байгаа аж. Биржүүд дээр үнийн дарамт учирснаас гадна нөхцөл байдал нэлээд тогтворгүй хэвээр байна.


Шатахууны экспортыг түр хязгаарлах саналыг Эрчим хүчний яам ойрын хугацаанд танилцуулна гэж ОХУ-ын Шадар сайд Александр Новак мэдэгдсэн байна. 


Ерөнхийдөө бид дээрх саналыг нэмэлтээр авах арга хэмжээ гэж харж байгаа. Учир нь эрэлт хэрэгцээ нэмэгдэж, бид дотоодын зах зээлийг бүрэн хангах шаардлагатай байгаа юм хэмээн тэрбээр мөн мэдэгджээ.


Харин Сангийн орлогч сайд Алексей Сазанов сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, шатахуун экспортлохыг түр хориглосноор газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар хэлбэрээр төсвийн орлого буурахгүй гэжээ.


Шатахууны экспортыг бууруулвал онцгой албан татвар нэмэгдэнэ. Тодруулбал, шатахууныг экспортлохгүй учир шатахуун онцгой албан татвар төлөгдөж буй дотоодын зах зээлд шилжинэ гэсэн үг юм хэмээн тэрбээр тайлбарлав.


ОХУ-ын нефтийн компаниуд 5 дугаар сард шатахууны экспортыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 25 орчим хувиар бууруулжээ. Дотоодын зах зээлийн байдал хэцүүдвэл газрын тосны бүтээгдэхүүний экспортод хориг тавих тухай асуудлыг хэлэлцэнэ гэдгийг Александр Новак тухайн үедээ цохон тэмдэглэсэн байна. Гэсэн ч тухайн үедээ эрэлт хэрэгцээг хангах хангалттай хэмжээний нөөц байсан аж.  


Хориг тавих алхам нь эгзэгтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд л авах арга хэмжээ юм хэмээн А.Новак мэдэгдээд Оросын түлшний зах зээлийн нөхцөл байвал тогтвортой, газрын тосны бүтээгдэхүүний үнэ инфляцийн түвшинд хүрч өсөж байгааг цохон тэмдэглэв.


Он гарснаас хойш ОХУ-д шатахууны үнэ 2.9 хувиар өсжээ.


Өнгөрсөн онтой харьцуулахад энэ жил нефть болон газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд 2 дахин өссөн бол ОХУ-ын шатахуун түгээх станцуудад бензиний үнэ дунджээр 2.9 хувиар өсөж, дизель түлшний үнэ 2.7 хувиар нэмэгдсэн байна. 


ОХУ Аи-95 бензиний үнийн хямд байдлаар европын 32 орноос хоёрдугаарт жагсаж байгаа тухай “Риа Новости агентлаг 7 дугаар сарын 26-нд мэдээлжээ. Харин хүн амын дундах түлшний хүрэлцээний байдлаар16 дугаар жагссан байна.  


Tass агентлагийн мэдээлснээр, Аи-92 маркын шатахууны үнэ ОХУ-д 7 дугаар сарын 19-23-нд 7 копейкоор нэмэгдэж, литр нь 45.86 рубль болжээ. Харин Аи-95 шатахууны үнэ 9 копейкоор нэмэгдэж, 49.35 рубль, дизель түлшний үнэ 4 копейкоор нэмэгдэж, 50.16 рубльд тус бүр хүрсэн байнаТатварын системийг ОХУ-д газрын тосны үнэ маш бага эсвэл өндөр нөхцөлд ч  шатахуун түгээх станц дахь бензин, дизель түлшний үнийг тогтвортой байхаар бий болгосон байдаг аж. 

Холбоотой мэдээ