Японы дөрвөн мужид онцгой байдал тогтоолоо

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-08-02 13:05:57

ТОКИО. /Kyodo/. Японд коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсонтой холбогдуулан нийслэл Токио хотын бүсийн гурван муж болон Осакад өнөөдрөөс Токио, Окинава мужийн нэгэн адил онцгой байдал тогтоолоо.


Тодруулбал, Засгийн газар Чиба, Канагава, Сайтама, Осакаг даваа гаргаас эхлэн энэ сарын 31 хүртэл онцгой байдал тогтоох мужуудын жагсаалтад оруулжээ. Мөн Токио, Окинавад тогтоогоод буй наймдугаар сарын 22 хүртэл хэрэгжих дэглэмийн хугацааг сунгасан байна.


Засгийн газар хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулахдаа оршин суугчдын вакцинд хамрагдсан үзүүлэлтийг харгалзан үзэхээр төлөвлөж байгаа боловч одоогийн байдлаар цар тахлын тархалт ойрын хугацаанд зогсох төлөв ажиглагдахгүй байгаа ажээ.


Онцгой байдлын дэглэм тогтоосноор согтууруулах ундаагаар үйлчилдэг, караоке ажиллуулдаг үйлчилгээний газруудаас үйл ажиллагаагаа түр зогсоохыг хүсэж, Засгийн газар холбогдох нөхөн төлбөрийг олгоно. Харин согтууруулах ундаагаар үйлчилдэггүй газруудыг оройн 20 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрнө.


Энэтхэгт анх илэрсэн коронавирусний илүү хурдан халдварладаг “Дельта” хувилбар Японд тархсанаас хойш халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдэх болжээ. Ялангуяа өнгөрсөн сард тохиосон дөрвөн өдрийн амралтаас хойш ийнхүү олноор нэмэгдэж эхэлсэн тул олон нийт эмнэлгийн ачаалал хэтрэх вий гэдэгт ихэд санаа зовних болжээ.


Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан мэдээллээр, “COVID-19”-өөр халдварласны улмаас гэртээ эмчлүүлж буй өвчтөнүүдийн тоо долоодугаар сарын 28-ны байдлаар 18 927-д хүрсэн нь өмнөх долоо хоногийнхоос 1.8 дахин нэмэгдсэн байна.


Ерөнхий сайд Сүга Ёшихидэ долоодугаар сарын 30-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр, энэ удаа тогтоогоод буй онцгой байдлын дэглэмийг сүүлийнх байлгахын төлөө вирустэй тэмцэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдээд, Засгийн газар наймдугаар сарын эцэс гэхэд хүн амынхаа 40 гаруй хувийг вакцинжуулахаар зорьж буйг мэдээлжээ. 

Холбоотой мэдээ