Төсөвт тодотгол хийхээр төслийг өргөн мэдүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-07-31 12:52:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн  Засаг дарга  Ш.Идэрбаясгалан Төсвийн тухай хуульд  заасны дагуу  аймгийн 2021 оны төсөвт тодотгол оруулахаар  төслийг   Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Мөнгөнхуягт өнгөрсөн баасан гарагт өргөн мэдүүллээ.

“Монгол Улсын Их Хурлын чуулганаар  энэ оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, улсын төсвийн тодотголоор  Хөвсгөл аймгийн 2021 оны санхүүгийн дэмжлэгийг 1.1 тэрбум төгрөгөөр, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг 449,3 сая төгрөгөөр нэмэгдүүлж баталсан.

Тус нэмэлт санхүүжилтийг коронавируст халдвартай тэмцэх, хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис, эм эмнэлгийн хэрэгслийн өр барагдуулах, нөөц бүрдүүлэх, урьд оны санхүүжилтийн дутуугаас үүссэн өрийг барагдуулахад зориулан зарцуулахаар төлөвлөсөн.

Мөн аймгийн ерөнхий орлогын дансны 2020 оны жилийн эцсийн үлдэгдэл 875,3 сая төгрөгийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар баталж зарцуулахаар төлөвлөж байна” гэдгийг Засаг дарга Ш.Идэрбаясгалан танилцууллаа. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг  8 дугаар сарын 20-ны өдөр хуралдуулахаар төлөвлөж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ