Японд өдөрт бүртгэгдсэн халдварын тоо анх удаа 10 мянга давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-07-30 11:23:55

ТОКИО. /NHK/. Японд өдөрт бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо анх удаа 10 мянга давжээ.

Нийслэл Токио хот болон бусад мужуудад халдварын тархалт нэмэгдсэнээр улсын хэмжээнд ийнхүү өдөрт хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газар одоо хэрэгжиж буй онцгой байдлын дэглэмийг өргөжүүлж, өөр дөрвөн мужийг хамруулахаар төлөвлөж байна. 

“Засгийн газар нөхцөл байдлыг зохицуулахын тулд шаардлагатай шийдвэрийг нэн даруй гаргахаар ажиллаж байна. Орон нутгийн засаг захиргааны хүсэлтээр баасан гарагт шинжээчдийг хуралдуулж, вирусний тархалтыг зогсооход чиглэсэн онцгой байдлын дэглэм болон халдвартай тэмцэх эрчимжүүлсэн арга хэмжээний талаар хэлэлцэхээр шийдлээ” гэж Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэдэгджээ. 

Одоогоор нийслэл Токио хот болон Окинава мужид онцгой байдлын дэглэм хэрэгжиж байгаа бол бусад дөрвөн мужид халдвартай тэмцэх эрчимжүүлсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.

Японы Засгийн газар онцгой байдлын дэглэмийг Сайтама, Чиба, Канагава, Осака зэрэг мужуудыг хамруулан өргөтгөхөөр төлөвлөж байна. Түүнчлэн Засгийн газрын энэхүү шийдвэр эцэслэн батлагдвал өөр таван мужид халдвартай тэмцэх эрчимжүүлсэн арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвтэй байна.

Тийнхүү халдварын тархалтын эсрэг арга хэмжээний хүрээнд, Хоккайдо, Ишикава, Хиого, Киото болон Фүкүока мужийн зоогийн газруудад архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх шаардлага тавих ажээ. Тус улсад хэрэгжих онцгой байдлын хоёр төрлийн дэглэм нь наймдугаар сарын 2-ноос эхлэн мөн сарын эцэс хүртэл хэрэгжих төлөвтэй байна.

Токио хотын засаг захиргааны нэгэн шинжээч өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо ийнхүү өссөнийг урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй, огцом өсөлт хэмээн тодорхойлжээ. Мөн Засгийн газрын зөвлөх ажлын хэсгийн дарга Оми Шигэрү энэ талаар, "Одоо халдварын тохиолдлын тоог бууруулж чадах хүчин зүйл бараг байхгүй байна. Олон нийт одоогийн нөхцөл байдлыг ухамсарлахгүй бол эмнэлгийн ачаалал тун удахгүй хэтрэх болно” хэмээн анхааруулжээ. 

Холбоотой мэдээ