Израилд 5-11 насны, эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдийг вакцинд хамруулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-07-28 14:33:43

ЙЕРУСАЛИМ. /Times of Israel/. Израилын Эрүүл мэндийн яам 5-11 насны, “COVID-19”-өөр халдварласан тохиолдолд хүндээр өвчлөх эрсдэл өндөр хүүхдүүдийг коронавирусний вакцинд хамруулж магадгүй гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.


Одоогийн байдлаар, Израилд 12 болон түүнээс дээш насны хүүхдүүд вакцинд хамрагдаж байгаа юм. Гэвч уушгины архаг өвчтэй, хорт хавдартай, хэт таргалалттай, мэдрэлийн эмгэгтэй, зүрх судасны өвчтэй 5-11 насны хүүхдүүдэд вакцин хийх боломжийг судлахаар төлөвлөж байгаа ажээ.


Бага насны хүүхдүүдийн хувьд 0.1 мл буюу стандарт тунгаас гурав дахин бага хэмжээтэй вакцин хийлгэнэ гэж Эрүүл мэндийн яам мэдээлжээ.


Өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ноос вакцинжуулалтын хөтөлбөрөө эхлүүлсэн Израилд эхний ээлжид эмнэлгийн ажилтнууд, 65-аас дээш насны, архаг хууч өвчтэй хүмүүсийг хамруулжээ. Тийнхүү түүнээс хойш вакцинд хамрагдах насны хязгаарыг аажмаар бууруулсаар байгаа юм. 

Холбоотой мэдээ