Нас гүйцсэн эр хонины үнэ Баянхонгор аймагт 270.3 мянгад хүрчээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-07-28 11:40:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр энэ оны 6 дугаар сард ат 1.3 сая төгрөг болж, өмнөх сарынхаас 91.5 мянга, хязаалан гуны үнэ 1.2 сая төгрөг болж, өмнөх сарынхаас 60 мянга, соёолон үрээний үнэ нэг сая төгрөг болж, өмнөх сарынхаас 31.7 мянган төгрөгөөр нэмэгджээ.


Мөн эр хонины үнэ 220.9 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 2.3 мянга, эр ямааны үнэ 144.7 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 200 төгрөгөөр нэмэгдсэн байна.


Түүнчлэн, өнгөрсөн 6 дугаар сард Баянхонгор аймагт эр хонь хамгийн их бүюу 270.3 мянган төгрөг хүрч, өмнөх сарынхаас 13.9 мянга, Дорнод аймагт хамгийн бага буюу 149.3 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 6.1 мянган төгрөгөөр өсжээ.


Зургаадугаар сард цагаан ноолуурын нэг кг-ын дундаж үнэ Баянхонгор, Увс, Завхан, Говь-Алтай аймагт хамгийн их буюу 115 мянга, Дорнод аймагт хамгийн бага буюу 60 мянган төгрөг байв.


Харин үхрийн 2 метрээс дээш урттай шир 6.2 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 1.5 мянга, ямааны цагаан ноолуур нэг кг-ын үнэ 102.4 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 5.1 мянган төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Холбоотой мэдээ