Баярлалаа Моллай

ТОЙМ
n_sarchihg@yahoo.com
2021-07-27 19:51:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/.                       


Бөмбөрцгийн их цэнгэл Олимпын наадам арлын Японд эхлээд их спортын хорхойтнуудыг соронздон татаж байна. Монгол Улсаа төлөөлөн зуны XXXII олимпод оролцож, өрсөлдөж байгаа 43 тамирчнаас өнөөдрийн байдлаар жүдочид маань хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртээд байна. Энэ дундаас медалийн өнгийг өөрчилсөн, өөрөөр хэлбэл, хоёр хүрэл медалийн өнгийг хувиргаж, мөнгө болгосон хүн бол 81 кг-ын жинд зодоглосон, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Монгол Улсын иргэн Саид Моллай юм. Дэлхийд жиндээ 6-д эрэмбэлэгддэг, 29 настай энэ залуу төрсөн нутаг Ираныхаа 83 сая хүний харуусал дунд, 3,3 сая монгол зоны магнайг тэнийлгэж Олимпын наадмын мөнгөн медалийн эзэн болов. Ингэснээр өнөөдөр Монгол Улс жүдо бөхөөр авсан медалийнхаа амжилтаар 5 дугаар байрт жагсав.


Спортын хүрээнийхэн түүнийг Молом гэдэг. Тэр зөвхөн Монголын бөх л гэж явдаг.  Үүнийгээ ч нотолж, 2021 оны 2-р сард Израильд болсон Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал Тел-Авивийн Гранд-при тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнийхээ дараа Израилийн “KAN” телевизэд ярилцлага өгөхдөө “Би зөвхөн Монгол Улсын төлөө барилдах болно. Би Ираны төлөө дахиж барилдахгүй. Тэр бүхэн дууссан” хэмээн хэлж байлаа.


Түүний тухай нэвтэрхий толиос хайвал “Саид Моллай (перс. سعید ملایی) (1992 оны 1 сарын 5-нд төрсөн) нь Иранд төрж өсөөд, 2019 онд иргэншлээ сольсон Монгол Улсын жүдоч. 2018 оны дэлхийн аварга. Ираны Засгийн газар түүнийг 2019 оны Дэлхийн АШТ-ий шигшээ барилдаанд, тус тэмцээнд түрүүлсэн Израилын Саги Мукитэй барилдуулахгүйн тулд хагас шигшээ барилдаанд албаар ялагдахыг тушаасан. Түүний хариуд Моллай тэмцээн дууссаны дараа Иран руугаа буцаагүй бөгөөд 2019 оны 8 сард Германд очиж, 2 жилийн дүрвэгчийн визтэй орогнож байгаад 2019 оны 12 сард Монгол Улсын иргэн болжээ” гэсэн  албан ёсны товч тайлбар бий.


Ясны тамирчин насны амжилтынхаа төлөө яаж тэмцдэгийн үлгэр дуурайллыг Моллай биеэр үзүүлсэн гэхэд болно. Учир нь тэр бөхийн өлгий Иран нутагтаа хайргүйдээ ч юм уу, илүү хялбар аргаар алдарших гэж иргэншлээ солиогүй юм. Гэр бүлдээ хайртайгаа нотлохын төлөө нулимстай буулт хийж, амжилтын оргилд хүрэхийн төлөө хөдөлмөрлөсөн хөлснийхөө үнэ цэнийг мэдрэх гэж, тамирчны амжилт ялалтад улс төр хамааралгүй болохыг харуулах гэж, аргагүй байдалд орсон Моллай эх орноосоо дүрвэн гарч иргэншлээ сольсон юм. Ираны албаны хүмүүс 2019 онд Японд зохион байгуулагдсан ДАШТ-ий үеэр түүнд Израйлын бөх Саки Мукитай таарахгүйн тулд, хагас шигшээд албаар ялагдахыг тулгасан байдаг. Тиймээс Моллай ДАШТ-ийг барилдалгүй дуусгасан. Эцэст нь тэрбээр энэ бүхнийг ил болгон шүүмжилсэн бөгөөд үүнийхээ дараа эх орон руугаа буцахаас эмээж, Герман руу дүрвэсэн юм. Жүдо бөхийн дэлхийн аварга Саид Моллай 2019 онд Герман улсаас хоёр жилийн виз авч нүүсэн ч, 12 дугаар сард нь Монгол Улсын иргэншил авсан билээ.




2017 оны Будапештын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, дараа жил нь даагаа нэхэж, Бакуд болсон ДАШТ-д түрүүлсэн амжилттай С.Моллайг улс төрийн шалтгаанаар иргэншлээ сольсныг нь мэдсэн IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо “Онцгой нөхцөл байсан” хэмээн үзэж, түүний чансааных нь оноог хэвээр үлдээсэн байдаг. Тиймээс Моллай дэлхийд 6-д эрэмбэлэгдэж байгаа юм. Түүнд тулгасан Ираны албаныхны шаардлагыг ил болгосноор Олон Улсын Жүдогийн холбоо /ОУЖХ/-ноос Иран улсыг олон улсын тэмцээнд оролцохыг нь тодорхойгүй хугацаагаар хориглосон бөгөөд "Иран улсын хийсэн үйлдэл нь ОУЖХ-ны дүрэм журам, ёс зүйг ноцтой зөрчсөн үйлдэл болсон" гэж дүгнэсэн байна. Түүгээр ч зогсохгүй ОУЖХ хориг тавьсан шийдвэрээ "Иран улс цаашид ОУЖХ-ны дүрэм журмыг хүлээн зөвшөөрөн хүндэтгэж, улмаар тамирчид нь Израйлын тамирчидтай өрсөлдөнө гэдгээ баталсны дараа нээлттэй болгоно" хэмээн мэдэгджээ.


Дэлхийд данстай жүдочдын 81 кг-ын гол өрсөлдөгчдийн нэг, Дэлхийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт түүнийг 2019 онд Монгол Улсын иргэн болоход алгаа тосож хүлээж авсан хүн бол яах аргагүй Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга. Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаж, түүнийг Монголын харьяат болгосон билээ. Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд өөрөө дэлхийн дайдад барилдаж явсан тамирчин хүн болохоор Саид Моллайн бодит байдлыг, ирээдүйд үзүүлэх амжилтыг урьдчилан харсан байх магадлалтай. Түүний гаргасан зөв шийдвэрийн үр дүнг бид өнөөдөр бодитоор харж, бахархан уухайлж сууна. Яг одоо бид Монгол Улсыг төлөөлөн олимпын дэвжээнд зодоглосон гадаадын анхны тамирчнаараа гангарч байгаа нь нууц биш. Токиогийн Олимпын өмнө хэдэн сарын хугацаанд тэрбээр Израйлд очиж, жүдогийн шигшээ багтай нь хамт бэлтгэл хийжээ. Түүний тухай ОУЖХ-ны сайтад "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс түүнд Монголын иргэн болсон гэсэн албан ёсны бичиг баримтыг хүлээлгэн өгснөөр Саид Моллай ОУЖХ-ны Дүрвэгчдийн багийн гишүүн байхаа больж, 12 сард болох Чиндао Мастерсын тэмцээнд Монгол Улсын туган дор барилдахаар болж байна" гэж бичиж байсан бол Ираны "Тегеран таймс" сонинд "Иран улсад төрсөн, жүдогийн дэлхийн аварга асан Саид Моллай Монгол Улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцох боломжтой гэж ОУЖХ үзжээ. Моллай иргэншлээ сольсон нь Иран улсын Олимпын хорооноос зөвшөөрөл авах шаардлагагүй хэмээн ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. 10 дугаар сард ОУЖХ-ноос Иран улсыг олон улсын тэмцээнүүдэд  оролцуулахгүй гэсэн шийдвэр гарсан нь Израйлын өрсөлдөгчтэй барилдуулахыг эсэргүүцсэнтэй холбоотой гэнэ. Иран улс уг шийдвэр нь "Бодит бус мэдээлэлд суурилсан" хэмээн хариу мэдэгдэж, ОУЖХ-ны шийдвэрийг Спортын Арбитрын шүүхэд давж заалдсан" гэж мэдээлж байв. Монголын иргэн болсон Моллайн эргэн тойронд ийм байдал үүсч байлаа.


Харин өнөөдөр Монголын жүдочид түүхэндээ 81 кг-ын жинд авч байгаагүй медалийг С.Моллай хүзүүндээ зүүлээ. Монголын тамирчин болсноосоо хойш Моллай өнгөрсөн жил Будапештын “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн бөгөөд дээр өгүүлсэн Тел-Авивын тэмцээнээс мөнгө, Азийн АШТ-д Монголоос ганцаараа барилданн хүрэл медаль зүүж, Монголыг төлөөлөн ДАШТ-д зодоглохдоо шагналт VII байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн юм. Харин өнөөдөр Олимпын мөнгөн медаль.

Зуны XXXII олимпоос мөнгөн медаль хүртсэн С.Моллай шагналын тавцангаас буусныхаа дараа “Энэ медалиа Иранд байгаа хоёр жил уулзаагүй гэр бүлийнхэндээ, Монголын ард түмэнд зориулж байна” гэдгээ хэлсэн. Тэрбээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Би ОУЖХ-ны ерөнхийлөгч Мариус Визар болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгад талархал илэрхийлмээр байна. 2018 оноос хойш надад маш олон зүйл тохиолдсон. Харамсалтай нь, би эх орноо алдсан. Гэвч би дэвжээндээ эргэж ирсэндээ, мөнгөн медаль авсандаа баяртай байна. Би сүүлийн хоёр жил тасралтгүй хичээж хөдөлмөрлөсөн. Зоригтой хүмүүс нэг л амьдардаг, зорилготой хүмүүс хүссэндээ хүрдэг. Би өөрийнхөө зорилго, мөрөөдлийн төлөө л явсан. Би Монгол Улсад шинэ амьдралыг эхлүүлсэн. Маш мундаг тамирчидтай нэг баг болсондоо баяртай байна. Би сайхан найзуудтай болсон. Тийм болохоор Монголын ард түмэнд энэ медалиа зориулж байна. Монголын ард түмэн маш сайхан, халуун сэтгэлтэй ард түмэн” гээд “Баярлалаа Монгол” хэмээн хэлсэн байна. 


Тийм ээ, монголчуудыг огшоосон Моллайгаараа бахархаж байна. Түүний үзүүлсэн амжилт, зүүсэн медалийн буухиа үл тасраг. Баярлалаа, Моллай.

Холбоотой мэдээ