Байгаль орчны салбар дахь Европын төсөл хөтөлбөр улам өргөжинө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-07-27 19:01:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Н.Уртнасан Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд  Триян Христеагийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан түүнийг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Триян Христеа Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаандаа БОАЖЯ-тай хамтран хамтын ажиллагаагаа өргөжүүлсэнд сайд Н.Уртнасан талархал илэрхийлээд, 2017-2021 оны байдлаар Европын холбооны санхүүжилтээр манай улсад 2 төсөл, хөтөлбөр хэрэгжсэнийг онцоллоо. Үүнд:

  • БОАЖЯ, ГХЯ, Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хорооноос Европын холбооны Хими, биологи, цацраг идэвхт болон цөмийн эрсдэлийг бууруулах санаачилгатай хамтран “Төв Азийн орнуудад био аюулгүй байдлын ажиллагааг хангах үндэсний эрхзүйн орчныг сайжруулах" бүсийн төслийг Олон улсын шинжлэх ухаан технологийн төвтэй хамтран хэрэгжүүлсэн. Төслийн нийт санхүүжилт 5 сая ам.доллар, үүнээс Монгол Улсад 570 мянган ам.долларын санхүүжилт хуваариласныг тодотголооо.
  • Дэлхий дахинд үүсээд буй Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд Европын Холбооноос 2 сая долларын нэмэлт санхүүжилт олгохоор болж төслийг сунган ажиллаж байна. Төслийн хүрээнд Лабораторийн чадавхыг бэхжүүлэх цар тахлын үед нэн шаардлагатай 89 сая төгрөгийн өртөг бүхий лабораторийн шинжилгээний PCR системийг Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвд, ШУА-ийн Биологийн хүрээлэнд 87 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, биоаюулгүй байдлын II ангиллын кабинетыг хүлээлгэн өгсөн.
  • Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын аюултай хог хаягдлын удирдлагын чадавхын судалгаа, үнэлгээ” төслийг хэрэгжүүлээд байна. 

Европын холбооны “Свич-Ази” хөтөлбөр, Чехийн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Каритас Чех Репаблик” байгууллагатай хамтран “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийг 2013-2017 онд хэрэгжүүлсэн бол “Свич-Ази II” хөтөлбөрийн санхүүжилтээр “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийг БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар болон “Каритас Чех Репаблик” байгууллага хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Уг төслийг Монгол Улсад ногоон эдийн засгийг хөгжүүлэх, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, хаягдалгүй эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020-2024 онд хэрэгжүүлж буй юм.

Одоогоор төслийн хүрээнд Улаанбаатар хот, Булган аймгийн төв болон Хишиг-Өндөр суманд суурь судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтыг Хишиг-Өндөр суманд турших зорилгоор БНЧУ-аас тоног төхөөрөмж татан авах хэлцэл хийгээд байна.

2021-2024 онд Европын холбооны санхүүжилтээр “ХАА-н менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төслийн хэрэгжүүлнэ. Төслийн гол зорилго нь Монгол иргэдийн хүнсний хангамж болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг шинэлэг, ландшафтын түвшний удаан хугацааны тогтвортой менежментийг хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх, чадавхыг нэмэгдүүлэх юм. 

Цаашид, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах чиглэлээр Европын холбоо, түүний гишүүн орнуудын тэргүүний туршлагыг нэвтрүүлэн тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллах саналтай байгаагаа БОАЖ-ын сайд Н.Уртнасан илэрхийллээ. Мөн Европын холбоо болон Герман улс сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг сүүлийн 60-аад жил хэрэгжүүлж байгаа туршлагаас хуваалцаж, энэ чиглэлээр хамтрах саналтай байгаагаа онцолсон юм.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд  Триян Христеа цаашид хамтран ажиллах төсөл хөтөлбөрийн талаар санал солилцоод, Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа хэдий ч хамтын ажиллагаа улам бүр өргөжнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


Холбоотой мэдээ