Алагхайрхан уулын байгалийн нөөц газар

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-07-27 18:09:21

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас орон нутгийнхаа байгаль, түүхийн дурсгалт болон улсын тусгай хамгаалалттай газруудыг олон нийтэд цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа Алагхайрхан уулын байгалийн нөөц газрыг танилцуулж байна. 


Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт орших Алаг хайрхан уул нь Монгол Алтайн нурууны дунд хэсгийн өндөр уулсын нэг бөгөөд вансэмбэрүү, сэржмядаг, юмдүүжин, эрээн гомбо, бамбай зэрэг ховор ба нэн ховор ургамал, аргаль, янгир, ирвэс, хойлог зэрэг амьтдын байршил нутаг юм.

Эмийн ургамлыг их хэмжээгээр замбараагүй түүх явдал жилийн жилд нэмэгдэж, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр амьтан, ургамал хөнөөгдөн хорогдож байгаа учраас УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор ландшафтын иж бүрдлийг хамгаалах нөөц газар болгосон. Нийтдээ 36723 га талбайтай. Монгол Алтайн нурууны дунд хэсгийн өндөр уулын нэг хэсэг болох Алагхайрхан уул орчмын уулс нь ихэнхдээ тэгш хавтгай оройтой боловч өгөршлийн нөлөөгөөр тэгш гадаргуу нь эвдэрч шовх, эсвэл нарийхан багана хэлбэртэй болсон байдаг. Тус уулын хажуу эгц бөгөөд эртний мөстлийн үеийн мөсөн голын нөлөөгөөр үүссэн хунх, тэвшин хөндийнүүдтэй. Энэ нутаг нь Алтайн уулт өндөрлөгийн мужид багтдаг бөгөөд Дунд Хайрхан, Бага Хайрхан зэрэг салбар уулсаас тогтоно. Алагхайрхан уулын ноён оргил нь 3738 м өндөр, мөнх цастай, жилийн аль ч улиралд 30-90 мм хүртэл хур тунадас унадаг. 

Алагхайрхан уулнаас Хөх сайр, Цахир, Босго, Хатуу, Улиастай зэрэг олон голууд эх авч урсдаг. Энд өндөр уулын олон зүйлийн амьтад байдгаас ховорт тооцогдох аргаль, янгир, ирвэс, суусар, шилүүс, хойлог зэрэг хөхтөн, жигүүртэн элбэгтэй.


Холбоотой мэдээ