УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан МХЕГ-т ажиллалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллагын 2200 улсын байцаагч 26 чиглэлд хяналт тавьж ажиллаж байна. Цар тахлын үед тус газрын 246 албан хаагч Covid-19 халдвар авсан байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас /МХЕГ/ цар тахлын эсрэг арга хэмжээнд дайчлагдан ажиллаж байгаа
тул төлөвлөгөөт хяналт шалгалт буурсныг мэдээлэв. Гэхдээ эдийн засгийг сэргээх,
аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс торгохоос илүү зөвлөн туслах чиглэлээр улсын
байцаагчид ажиллаж байгааг онцлов. Энэ үеэр тус газраас мэргэжлийн хяналтын
байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгаа хүнд байгааг УОК-ын ажлын хэсгийнхэнд танилцууллаа.
МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга С.Сүнчин, “УОК-ын өгсөн үүргийн дагуу вирусийн мутацилагдсан хувилбаруудаас сэргийлэхийн тулд хилийн нэвтрэх цэг бүрд тандалт судалгаа хийж байна. Улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага 19 чиглэлд хяналт тавин ажиллаж байна. Тусгаарлан ажиглах байранд МХЕГ дөрвөн чиглэлд ажиллаж байна.
Мөн хадгалалтын дэглэм алдагдсан, хаяг
шошгогүй, савлагааны байдал алдагдсан, унагаж хагалсан, задалснаас хойш
хэрэглэх хугацаа дууссан зэргээс шалтгаалан 2632 хүн тун вакцин устгалд
оруулжээ. Мөн цуурсан, резин мултарсан гэх шалтгаанаар чанарын шаардлага
хангаагүй 1939 тариурыг устгалд оруулсан” гэв.
МХЕГ-аас Монгол Улсад эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг эмийн сангуудаар борлуулж буй зөрчил илрүүлсэн байна. Нийт таван төрлийн эмийг борлуулж байсныг илрүүлж устгалд оруулсан байна.
Тус газраас тусгаарлан ажиглах байранд дөрвөн чиглэлээр давхардсан тоогоор 905 хяналт тавьж 1451 зөрчил илрүүлжээ. Нийт зөрчлийн 44 хувийг арилгуулж нэг байгууллагыг 300 мянган төгрөгөөр торгожээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар халдвар хамгааллын дэглэм зөрчсөн, барилга байгууламжтай холбоотой зөрчил цөөнгүй гарчээ.
Ариутгал халдваргүйжүүлэлтийн
чиглэлээр хяналт тавихад 12 зөрчил илэрсэн бол урьдчилан сэргийлэх ариутгал
халдваргүйжүүлэлтэд цөөнгүй зөрчил илэрчээ. Ихэвчлэн ариутгах бодисыг зааврын
дагуу ашиглаагүй, бүртгэлтэй бодисыг ашиглаагүй зөрчил гарчээ. Мөн энэ чиглэлээр
69416 объектод ариутгал
хийлгэж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн. Голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд
29742 объектод ариутгал хийсэн байна.
Нийслэл, орон
нутгийн 35 цэвэрлэх байгууламжид тогтмол хяналт тавьж байгаа бөгөөд бохирын усны дээжээс шинжилгээ
авахад Covid-19 илрээгүй байна. Шинжилгээний
байнгын болон явуулын цэгүүдэд давхардсан тоогоор 3447 хяналт шалгалт явуулжээ.
Шалгалтаар 1594 зөрчил илэрснээс 50 хувийг газар дээр нь арилгуулжээ.
Мөн хилийн нэвтрэх цэгээс вакцины тээвэрлэлт, хадгалалт, дархлаажуулалтын цэгүүдэд хяналт тавьж байна. Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сарын 22-ноос энэ сарын 21 хүртэл таван улсаас 31 удаагийн нислэгээр 5.2 сая тун вакцин импортолжээ. Эдгээр вакцинд хяналт тавьсан бөгөөл Мосвка-Улаанбаатар чиглэлийн дипломат ачаагаар 100 хүн тун вакцин тээвэрлэлтийн горим алдагдсан тул устгалд оруулсан байна.
Барилгын материалын чанар, аюулгүй байдлыг хангуулах
чиглэлээр МХЕГ, Барилга, хот
байгуулалтын яамтай хамтран хяналт шалгалт хийхэд энэ онд БНХАУ-аас импортоор оруулж ирэн
худалдаж байсан арматур төмөр жин тонндоо хүрэхгүй, стандартын шаардлага
хангахгүй байжээ. Иймд 759,5 тн арматурыг зах зээлээс эргүүлэн татаж,
барилгын даацын бүтээцэд хэрэглэхийг хориглож хашаа, замын ажилд хэрэглэхээр
шийдвэрлэсэн байна.
Мөн БНХАУ-аас импортлосон цементийн хадгалалтын горим
алдагдаж чанарын шаардлага хангахгүй болсон тул 914,7 тн цемент болон сав
баглаа боодлын битүүмж алдагдаж хатсан 24,9 тн будаг, чанар стандартын
шаардлага хангахгүй 172,3 мянган ширхэг тоосгыг зах зээлээс эргүүлэн татаж
устгажээ.
Хүнсний аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх хяналт
шалгалтаар энэ оны эхний 6
сарын байдлаар хэрэглэх болон хадгалах хугацаа дууссан, чанар, аюулгүй
байдлын шаардлага хангахгүй 1925, хаяг шошгын зөрчилтэй 486 нэр төрлийн
хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлээс татаж устгалд оруулсан байна.
Гэрэл зургийг Н.Батбаяр