С.Моллай ялж шигшээ 16-д шалгарсан бол Б.Ганхайч тэмцээнээ дуусгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-27 13:13:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын жүдоч /Иран гаралтай/ дэлхийн аварга Саид Моллай 81 кг-д эхний ялалтаа байгуулж, шөвгийн 16-д шалгараад байна.

 

Тэрбээр Казахстаны залуу жүдоч, тивийн аваргын алт, мөнгөн медальт Дидар Хамзад өмнө нь хоёр удаа ялагдаж байв. Харин энэ удаа олимпын дэвжээнд хянуур болгоомжтой барилдаж, өрсөлдөгчөө үүрэх мэх хийгээд дутуудахад нь тэвэрч эргээд цэвэр ялалт байгуулав.

 

Одоо Моллай шөвгийн 8-д үлдэх эрхийн төлөө Азербайжаны залуу жүдоч Мурад Фатиевтэй барилдана. Хоёр бөх хоорондоо анх удаа таарч байгаа юм байна.


 

Эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан Б.Ганхайч түүнтэй нэгэн зэрэг дэвжээнд гарч, Бразилын К.Куадрост хоёр вазари алдан ялагдаж, олимпын наадмыг орхилоо.

 

Манай бөх олимпын хүрэл медальт, хашир туршлагатай Бразил жүдочийг өмнө нь нэг ялж байсан ч олимпын дэвжээнд энэ амжилтаа бататгаж чадсангүй.

Холбоотой мэдээ