Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл 4 аймагт хэрэгжинэ

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2021-07-26 14:12:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төсөл манай улсад хэрэгжиж эхэллээ. Уг төслийг Уур амьсгалын Ногоон сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд гэсэн 4 аймгийг сонгон хэрэгжүүлэхээр болов. 

Төслийн эхний хурал саяхан боллоо. Хурлыг нээж БОАЖ-ын сайд Н.Уртнасан хэлэхдээ, “Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны нэгд ороод буй. Сүүлийн 80 жилд агаарын жилийн дундаж температур 2.25 хэмээр нэмэгдэж, жилийн хур тунадасны хэмжээ 8 орчим хувиар буурч, нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд ороод байгаа" гэсэн судалгааны дүнг онцлов. 



Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай улсад хуурайших үйл явц эрчимтэй нэмэгдэж, экосистем доройтох, байгалийн гамшигт үзэгдлийн тооны давтамж өсөж, ган, зудын улмаас малчин иргэдийн амжиргаанд нөлөөлөх зэрэг сөрөг үр дагаврууд цөөнгүй ажиглагдах боллоо. Сүүлийн 30 жилд Монгол орны малын тоо толгой 3 дахин нэмэгдэж бэлчээрийн даац хэтэрсэн судалгааны дүн байна. 

Үүнтэй уялдуулан мал аж ахуйн салбарын тогтвортой менежментийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тогтолцоог бүрдүүлэх замаар цөлжилт, газрын доройтлыг бууруулах, мөн биологийн олон янз байдлыг хамгаалах, малчдын амжиргааг бүрдүүлэх ийм шаардлага гарч байна. Энэ тулгамдсан асуудлыг  шийдвэрлэхэд энэ төсөл тодорхой, бодитой хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Төсөл 2021-2028 онд хэрэгжих юм.



Р.Батхишиг


Холбоотой мэдээ