Их Британийн Эрүүл мэндийн сайд халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-07-18 12:23:47

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Эрүүл мэндийн сайд Сажид Жавидын “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Түүнд “тун хөнгөн” шинж тэмдгүүд илэрч байгаа аж.  


Вакцинд бүрэн хамрагдаад байсан С.Жавид “PCR” шинжилгээний хариугаа эерэг гарсныг бямба гаргийн орой мэдээлээд, өөрийгөө тусгаарлаж, гэрээсээ ажиллахаар болсноо мэдэгджээ.


С.Жавид Ерөнхий сайд Борис Жонсонтой баасан гарагт уулзсан бөгөөд тэрбээр тусгаарлагдах эсэх нь одоогоор хараахан тодорхойгүй байна.


Үүнтэй зэрэгцэн Английн Эрүүл мэндийн газрын орлогч дарга, профессор Жонатан Ван-Там “хэцүүхэн өвөл” ирж буйг анхааруулжээ.


Их Британид халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн хоёр өдөр дараалан 50 мянга даваад байгаа үед тэрбээр ийнхүү мэдэгджээ. Харин Англид мөрдөж буй бараг бүх хязгаарлалтыг ойрын хугацаанд цуцлахаар төлөвлөөд буй юм.


Их Британид баасан гарагт халдварын 51 870 тохиолдол бүртгэгдсэн бол бямба гарагт 54 674 хүнээс халдвар илэрчээ. Тус улсад хамгийн сүүлд нэгдүгээр сарын дундуур өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо 50 мянга давж байжээ. 

Холбоотой мэдээ