Аймгийн Засаг дарга нийт Өвөрхангайчууддаа мэндчилгээ дэвшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-07-11 14:06:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга А.Ишдорж эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа нийт Өвөрхангайчууддаа Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100, Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн мэндийг  дэвшүүлжээ.

Мэндчилгээнд “Монгол түмний өв уламжлал, төрт ёсны үнэт бэлгэдэл болсон Үндэсний баяр наадмын өдрүүд эхэлж байна. Зуун зуунаар өртөөлж ирсэн цэнгэлийн манлай наадмаа дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын улмаас хойш тавьж, эрүүл мэндээ эрхэм чухалд тооцохыг нийт олноороо дэмжсэнд талархаж байна.

Ирэх жилүүдэд өргөн олноороо дэнж хотойтол наадахын тулд иргэн бүр эрүүл саруул байх учиртай. Баярын өдрүүдэд зөвхөн гэр бүлээрээ байгалийн сайхнаар зугаалж, эрүүл мэнд, сэтгэл санаагаа дэмжин баяр хөөртэй амрахыг хүсье. Хур бороо их, ус гол үертэй байгаа тул сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа ханган эрсдэлгүй нөхцөлд замд гарахыг уриалж байна” гэжээ.

Холбоотой мэдээ