Хүмүүнлэгийн үйлст салбар дундын оролцоог хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬТөр, Улаан загалмайн байгууллагын хамтын ажиллагааны салбар зөвлөлийг Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулав. Энэ нь хүмүүнлэгийн чиглэлээр төр, улаан загалмайн хамтын ажиллагааг аймгийн хэмжээнд удирдан чиглүүлж, зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байх ажээ.
Салбар зөвлөлийн ажиллах журмыг дээрх захирамжаар мөн баталсан бөгөөд тухайлбал, салбар зөвлөл нь төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагааг бусад салбарын бодлого хууль тогтоомжтой уялдуулан зохицуулж, салбар дундны оролцоог хангах, хүн амын эрүүл мэндийн чиглэлээр сургалт сурталчилгаа явуулж, сайн дурын авлагагүй цусны донорын хөдөлгөөнийг өргөжүүлэн, үндэсний хэмжээнд аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зэргээр 10 гаруй чиг үүрэг, үйл ажиллагааг журамдаа тусгажээ.
Салбар зөвлөлийг аймгийн ЗДТГ-ын дарга ахлах бөгөөд Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, ХХАА-н газар, Онцгой байдлын газар, Хөдөлмөрийн хэлтэс зэрэг агентлаг болон аймгийн Улаан загалмайн хорооны дарга салбар зөвлөлийг бүрдүүлсэн байна.
Т. Отгонтуяа