Бамбаруушийг бие даан амьдрах чадвартай гэж үзэн байгальд нь тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд өнгөрсөн 5 дугаар сард эхээсээ төөрсөн бамбарууш ирснийг нутгийн байгаль хамгаалагчид асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болгоод өчигдөр тайгад нь тавилаа.
Төөрсөн бамбарууш 2-3 сартай, 6 кг жинтэй байсан олдсон бол жин нэмж 16-17 кг жинтэй болж өөрөө бие даан амьдарч, идэш тэжээлээ олох чадвартай болсон гэж үзсэн учраас анх эхээс төөрсөн газрын ойролцоо, сумын төвөөс 60-70 км зайд уулын гүнд буюу тайгад тавилаа. Тухайн газрын ойн хэв шинж нь хус, хуш, шинэсэн ой зонхилсон, өндөр өвс ургасан ой учир баавгайн бамбарууш амьдрахад зохимжтой, идэш тэжээлийн нөөц ихтэй гэж үзэж тухайн газрын сонгожээ.
/Аюулгүй байдлыг нь хангах үүднээс тухайн газрын нэрийг нууцалсан болно/
Цаашид нутгийн байгаль хамгаалагчид хяналт тавин ажиглах аж. Бамбаруушийг тавих багт Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, ЗДТГ-ын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газар, тус сумын хэсгийн төлөөлөгч, байгаль хамгаалагчид хамтран зохион байгуулж ажиллалаа.
Бамбарууш төрөх үедээ 350-500 гр жинтэй, нүдээ нээгээгүй, нүцгэн байдаг. Зарим үед 2-3 жил өнжиж төллөдөг бөгөөд хүрэн баавгай 5 нас хүрч үржилд орно. Байгалийн нөхцөлд 20-30 жил, тэжээвэр нөхцөлд 40 хүртэл насалдаг. Идэш тэжээл нь газрын гадарга, ургамлан бүрхэвч, тэдгээрийн чанараас шалтгаалах бөгөөд олон төрлийн хоол хүнс хэрэглэдэг. Идэш тэжээл хомс хаврын эхэн үед улиангарын үр, модны нахиа, ургамлын үндэс, хуучин самар, шоргоолж зэргээр харин зуны эхэн үеэр тэд голчлон жимс жимсгэнэ, үр, самар, ногоон ургамал, шавж, загас, заримдаа сэг зэмээр хооллоно. Идэш тэжээл дутагдалтай үед хандгай, зэрлэг гахай, бор гөрөөс, халиун буга, хүдэр барина. Зуны сүүл, намрын эхэн үед гол төлөв ургамлаар хооллох бөгөөд янз бүрийн үр жимс, самар, ургамлын үндэс иддэг ажээ.
