Т.Баярхүү: Гадаадаас ирж байгаа иргэдийг тусгаарлах журамд өөрчлөлт ороогүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-07-02 20:16:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад улс орнуудаас эх орондоо ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарлах саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан. Тэгвэл журамд өөрчлөлт орсон эсэхийг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс тодрууллаа.


-Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналын дагуу журамд өөрчлөлт орсон уу?


-УОК-ын даргын 2021 оны 6 дугаар сарын 24-ний 51 дүгээр тушаалаар “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталсан. Тус журмаар гадаад улсаас эх орондоо ирж байгаа иргэдийг тусгаарлан ажиглаж байна. Гадаад улсаас ирж байгаа коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй, вакцины бүрэн тун хийлгээгүй, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй хүнийг тусгаарлан ажиглах байранд 7 хоног тусгаарлана гэсэн заалтад одоогоор өөрчлөлт ороогүй.


–Ямар тохиолдолд иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлэх вэ?


-Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсвэл улсын хил нэвтрэхээс өмнөх 4 сарын хугацаанд коронавируст халдвар (КОВИД-19) авч эдгэрсэн, түүнийг нотлох баримт бичигтэй хүнийг тусгаарлан ажиглах байранд оруулахгүй. Мөн вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, улсын хил нэвтрэхээс өмнөх 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, түүнийг нотлох баримт бичигтэй эцэг эх, асран хамгаалагчийн хамт зорчин яваа 18 хүртэлх насны хүүхдийг тусгаарлахгүй. Дээрх шалтгаанаар тусгаарлагдахгүй иргэдийг 14 хоног гэрийн ажиглалтад шилжүүлж, хяналт тавина.

Холбоотой мэдээ