Ж.ЭНЭРЭЛ: ТАЙЗАН ДЭЭР АЛХАХ ХАМГИЙН ГОЁ МЭДРЭМЖ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2021-07-01 19:40:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


    Монголоос хамгийн анхлан Нюь-Йорк, Парис, Миланы загварын шоунд оролцож амжилт гаргасан загвар өмсөгч бол Ж.Энэрэл юм. Тэрээр одоогоор Германы “Mirrs”, Английн “MandP London” агентлагт харьяалагдахаас гадна дээр дурдсан орнууд дахь агентлагаа сольж шинэ агентлагуудтай гэрээ байгуулан ажиллах болжээ.


Ж.Энэрэлийг 14 настайд ээж нь “Торго” агентлагт элсүүлж биеэ зөв авч явах соёлд сургахыг хүссэнээр өдгөө дэлхийн албан ёсны мэргэжлийн моделийг загварын ертөнцөд хөл тавихад хүргэсэн байна. Түүнээс хойш Ж.Энэрэл өөрийн хүч хөдөлмөр, хичээл сургуулилт, тууштай зүтгэлийн хүчээр эх орондоо зохион байгуулагдсан олон тэмцээн уралдаанд амжилт гаргасан юм. Жишээ нь: 2012 онд болсон “Face of Mongolia” тэмцээнд тэргүүн байр эзэлснээс хойш “Asia’s new star model contest”, “Miss World Mongolia” зэрэг тэмцээнд дэд байр, “Miss Model of the World Mongolia” тэмцээний титмийн эзнээр тус тус шалгарч байв. Үүнээс гадна үндэсний үйлдвэрлэгч брэнд болох “Gobi Cashmere”, “Yamā brand”, “Mongol Brand”-ийн нүүр царай болж байсан туршлагатай нэгэн юм.


Харин дэлхийн хэмжээнд Английн “Harrods”, Америкийн “Seventeen” болон “Elle”, Германы “Vogue”, “ICON” зэрэг сэтгүүлийн нүүрийг чимсэнээс гадна “Alexander McQueen”, “Hermes”, “Balenciaga” зэрэг алдартай брэндүүдийн сурталчилгаанд голлох моделиор оролцжээ. Эдгээрээс хамгийн онцлууштай нь “Mercedes-Benz C-Class” (W206) 2021 оны шинэ загварын нүүр царай болсон явдал юм. Дэлхийд алдартай 120 жилийн түүхт автомашины “Mercedes-Benz” брэндийн зураг авалтанд монгол модель албан ёсоор оролцсон анхны тохиолдол энэ билээ.




Ж.Энэрэл багаасаа гадаад хэл сурч эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын Плехановын нэрэмжит Орос дунд сургуульд суралцаж, 10 дугаар ангиасаа БНХАУ-ын Харбин хотноо нэг жилийн хэлний бэлтгэлд явжээ. Ийнхүү бага наснаас эхлэн гадаад орноор аялж, моделиор ажиллаж эхэлснээс гадна англи хэл нь ч хурдан сайжирсан гэдгийг тэрээр дурдаж байлаа.


Түүний Германы “ICON” сэтгүүлтэй хамтарсан зургуудыг Монголд авсан байдаг. Ингэхдээ монголчуудын аж ахуйг орчин цагийн загварын чиг хандлагатай уусган нэгтгэх утга агуулга бүхий зургуудыг авсан нь ажиглагддаг. Мөнхүү тал нутгийн амар амгалан, байгалийн сүр хүчийг монгол хүний төрх байдалтай хослуулан гаргасан нь мэргэжлийн шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.






Тэрээр “Миний хувьд хэдхэн секундын хугацаанд дүрдээ хувирахыг боддог. Тэр мөч бол зөвхөн минийх. Жишээ нь: загвар өмсөгч хүн янз бүрийн загварын хувцас өмсөөд, үсээ өөрчилж, нүүрээ будаад ирэхээр тэр хүн хувцсандаа тохируулж, дүрдээ хувирах ёстой болдог” гэв. Мөн “Тайзан дээр алхах хамгийн гоё мэдрэмж” гэж ажил, мэргэжлээ тодорхойлж байлаа.


Өнгөрсөн онд Ж.Энэрэл цар тахлын улмаас эх орондоо ирж чадалгүй Германы Берлин хотод үлджээ. Нэгэнт буцах боломжгүй болсон учир өөрт оногдсон цаг хугацааг чадамгай ашиглаж, карьертаа анхаарахыг илүүд үзсэн байна. Тиймээс л дэлхийн нэр хүндтэй агентлагууд руу өөрийн зураг, хамтран ажиллах хүсэлтийг илгээснээр хүндэлдэг дизайнер, мэргэжлийн агентлагуудтай хамтран ажиллах болжээ. Мөн дэлхийн хэмжээний “Models.com” сайтад орж чаджээ. Энэхүү сайтад орсноор дэлхийн албан ёсны мэргэжлийн модель болж бүртгэгдэх нь тэр.


“Модель” гэдэг нь өөрөө “үлгэр жишээ” хэмээх үг. Сайхан бие, царай зүс, гоё ганган хувцас өмслөө гээд чадварлаг модель болчихгүй. Хувь хүн нь өөрөө хүчтэй, тууштай хөдөлмөрч байх хэрэгтэй. Зураг авалтын агшин бүрт үйл хөдлөл, дүр төрхөөрөө шинийг илтгэж харуулдаг байх нь чухал. Энэ бүхэн Ж.Энэрэлд бий учраас л тэрээр өдгөө дэлхийн тайзнаа итгэл төгс алхаж буй билээ. 



Холбоотой мэдээ