Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-06-30 19:48:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа” төслийн нээлт өнөөдөр боллоо. 


НИТХ-ын 2020 оны 02/10 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн зорилтын хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа”, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Туулын Хар түнэ ордон”-ы археологийн судалгаа төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран тус төслийг хэрэгжүүлэх юм.


Монголын эртний нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний ихэс дээдсийн булш, оршуулга бүхий Бэлхийн амны дурсгал нь нийслэл хотын нутаг дэвсгэрт оршдог бөгөөд Монгол ба бүс нутгийн Хүннүгийн археологийн судалгаанд томоохон байр суурийг эзэлдэг.

Монголын төдийгүй дэлхийн археологийн хосгүй нандин өв болох энэхүү дурсгалыг 1998 онд Монгол Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэжээ.

Евразийн бүс нутагт бүртгэгдсэн Хүннүгийн язгууртны оршуулгын 13 цогцолбороос 9 дурсгал Монгол Улсын нутагт илэрч мэдэгдсэн нь Хүннү гүрний төв Монгол Улсын нутаг дэвсгэр байдаг. Эдгээр 9 цогцолбороос 1 дурсгал Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт илэрсэн нь Бэлхийн амны хүннүгийн язгууртны оршуулгын дурсгал юм.

1961 онд Н.Сэр-Оджав, Т.Хорват нарын удирдсан Монгол-Унгарын хамтарсан судалгааны баг Бэлхийн амны 3 дагуул булшинд судалгаа явуулж морины тоног хэрэгсэл, зэр зэвсэг, төмөр эдлэл, антропологийн хэрэглэгдэхүүнийг илрүүлэн анх удаа эрдэм шинжилгээний эргэлтэд оруулжээ.

Энэхүү хамтарсан судалгааны хүрээнд Бэлхийн амны дурсгалын бүтэц зохион байгуулалтыг тодорхойлж, олдвор эд өлгийн зүйлс, палеоанропологи, палеозоологийн хэрэглэгдэхүүнд тулгуурлан он цагийн хамаарлыг тогтоон олон чухал үр дүнг бий болгож, цаашид хадгалж хамгаалах, сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зэрэг ажлыг төлөвлөжээ.

 

Нээлтэд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга А.Ариунгэрэл, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очир болон төслийг дэмжигч болон хамтран хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага, албан хаагчдын төлөөлөл оролцлоо.


Холбоотой мэдээ