Дэлхий даяар долоо хоногийн дотор 2.6 сая гаруй хүн халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-06-30 13:31:40

ЖЕНЕВ. /TASS/. Дэлхий даяар долоо хоногийн дотор 2.6 сая гаруй хүн халдвар авч, 57 мянга гаруй хүн нас баржээ.  Өмнөх долоон хоногтой харьцуулахад өвчлөл 2 хувиар нэмэгдсэн бол нас баралт 10 хувиар буурч, өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойшхи хамгийн доод түвшинд хүрлээ гэж ДЭМБ мэдээллээ.


"Өвчлөлийн тохиолдол өндөр хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 370 мянга гаруй хүн халдвар авсан бол нас баралтын тоо буурч байна. Долоо хоногийн хугацаанд 57 мянга гаруй хүн нас барсан нь долоо хоногийн өмнөхөөс 10 хувиар бага байгаа бөгөөд энэ нь 2020 оны 11 дүгээр сараас хойш бүртгэгдсэн хамгийн цөөн тохиолдол боллоо" гэж ДЭМБ халдварын байдлын талаарх долоо хоног тутмын эмхтгэлдээ дурджээ.  


Дэлхий даяар долоо хоногийн хугацаанд 2 600 313 шинэ тохиолдол илэрч, 57 603 хүн нас барсан байна. Зургаадугаар сарын 27-ны байдлаар халдвар авсан нийт хүний тоо 180 492 131-д хүрсэн бол нас барсан тохиолдлын тоо 3 916 771 болжээ.


Өнгөрсөн долоо хоногт Номхон Далайн баруун хэсэгт (6 хувиар), Зүүн Өмнөд Азид (5 хувиар) өвчлөл буурсан бол Африкт (34 хувиар), Газрын Дундад тэнгисийн зүүн хэсэгт (13 хувь), Европт (10 хувиар) нэмэгджээ. Нас баралтын тохиолдол Африкт (42 хувиар) өссөн боловч Зүүн Өмнөд Азид (33 хувиар), Номхон далайн баруун хэсэгт (13 хувиа), мөн Өмнөд болон Хойд Америкт (2 хувиар), Европт (1 хувиар) буурсан байна.


Европт долоо хоногийн дотор 372 мянга гаруй хүн халдвар авч, 6000 гаруй хүн нас барсан байна. Хойд болон Өмнөд Америкт 1.1 сая гаруй шинэ тохиолдол илэрч, 30 мянга гаруй хүн энджээ. Зүүн Өмнөд Азид 573 мянга гаруй хүн шинээр халдвар авч, 13 мянга гаруй өвчтөн нас барсан байна.


“Дельта” хувилбар 96 улсад бүртгэгджээ

ДЭМБ-ын мэдээлснээр "санаа зовоосон хувилбар" гэх ангилалд оруулсан коронавирусний хэд хэдэн омгийн тархалтыг хараахан зогсоож чадаагүй байна. Тодруулбал, 2020 оны есдүгээр сард Их Британид илэрсэн "Альфа" хувилбар дэлхийн 172 оронд бүртгэгджээ. ӨАБНУ-д анх бүртгэгдсэн "Бета" хувилбар 120 улсад тархсан бол Бразилд илэрсэн "Гамма" хувилбарын тархсан орнуудын тоо 72 болж нэмэгдсэн байна. 2020 оны 10 дугаар сард Энэтхэгт илэрсэн  "Дельта" омог долоо хоногийн дотор шинээр 11 улсад бүртгэгдэж, тархсан улс орнуудын тоо 96 болжээ.


 


Холбоотой мэдээ