Шинэ орон сууцны үнэ 1.2 хувиар нэмэгджээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-06-29 11:20:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компанийн мэдээллээр, энэ оны 5 дугаар сард шинэ орон сууцны үнэ нэг ам дөрвөлжин метр нь  2.6 сая төгрөгт хүрч, өмнөх сараас 1.2 хувиар өсжээ.

Нийслэлийн ихэнх дүүрэгт шинэ орон сууцны үнэ өсөлттэй байна. Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ ам. метр нь 3.8 сая төгрөгт хүрч өмнөх сараас 2.7 хувиар өсжээ. Бусад дүүрэгтэй харьцуулахад энэ нь хамгийн их дүнтэй гарчээ.

Барилгын материалын үнэ нэмэгдсэн нь орон сууцны үнэ өсөхөд голлон нөлөөлжээ. Түүнчлэн ипотекийн зээлийн хүү 6 хувь болж буурсантай холбоотойгоор орон сууцны эрэлт нэмэгдсэн гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. 


Энэ оны эхний улирлын мэдээллээр нийслэлийн төвийн 6 дүүрэгт орон сууцны үнэ 2010 оны эцсээс 78,4 хувиар өсөж, өмнөх оны мөн үеийнхээс 0.4, өмнөх улирлаас 0.2 хувиар хямдраад байсан юм. Тухайлбал:

  • Сонгинохайрхан дүүрэгт 3.6, 
  • Чингэлтэй дүүрэгт 0.7, 
  • Баянзүрх дүүрэгт 0.6 хувиар багассан. 

Харин Хан-Уул дүүрэгт 1.3, Баянгол дүүрэгт 0.8, Сүхбаатар дүүрэгт 0.5 хувиар нэмэгдсэнийг ҮСХ мэдээлж байв. Орон сууцны үнэ энэ оны эхний улиралд өмнөх улирлынхаас Сонгинохайрхан дүүрэгт 1.7, Баянзүрх дүүрэгт 0.5 хувиар хямдарсан бол Сүхбаатар дүүрэгт 0.6, Баянгол, Чингэлтэй дүүрэгт 0.2, Хан-Уул дүүрэгт 0.1 хувиар өсжээ. 


Холбоотой мэдээ