Х.Хадхүү: Монголын түүх соёлыг шингээх үүднээс хаадын дүрийг шаазангаар бүтээсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2021-06-28 18:15:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шаазан урлалын үзэсгэлэн өнөөдөр Улаанбаатар хотын түүхийн музейд онлайнаар нээгдлээ. Тус үзэсгэлэнг Монгол шаазан урлалын мастер Х.Хадхүү Их Монгол Улс байгуулагдсаны 815 жилийн ойд зориулан “Хаадын хаад” нэртэй дэлгэж байна. Уг үзэсгэлэнгийн талаар түүнээс тодрууллаа. 


-Энэ удаагийн үзэсгэлэнгийнхээ онцлогийг танилцуулна уу?  

-Энэ нь миний 8 дахь уран бүтээлийн үзэсгэлэн юм. Энэ удаа монгол ахуй, өдөр тутмын амьдралын хэрэглэгдэхүүн, нөгөө талаар Монгол орны байгалийн гайхамшигт үзмэрүүд төдийгүй түүх соёлыг шаазан дээр хэрхэн урлаж болохыг харуулахыг зорьсон. Үзэсгэлэнд нийт 35 бүтээлийг дэлгэлээ.




Онцлог гэвэл 15 удаагийн оролдлогын үндсэн дээр бий болсон, бидний хэлж заншсанаар будаатай аяга юм даа. Мөн "Хархорум-800" жилд зориулан урласан 5 хаадын баримал, Оросын матрёшка загвараар хийсэн гэр болон Монголын түүхэн сэдэвтэй, шар айрагны аягуудыг бүтээсэн. Энэ аяга нь 0,5 литрийн багтаамжтай бөгөөд монгол түүх соёл шингээснээрээ онцлог бүтээл болж байгаа. Ер нь энэ үзэсгэлэнд байгаа бүтээлүүд бүгд ганц хувь болохоор бүгд л онцлог. Миний бодлоор жуулчид Монголоор аялж яваад бэлэг дурсгалын зүйл авах болоход манайд бэлэг дурсгалын зүйлсэд монгол түүх соёл шингээсэн зүйл бараг байдаггүй. Тиймээс хаадын дүрийг шаазангаар бүтээсэн.




Монгол шаазан урлалын мастер Х.Хадхүүгийн “Хаадын хаад” ээлжит үзэсгэлэн нээлтээ хийлээ.




-Та шаазан урлалыг хэдийнээс сонирхох болов. Нийт хэчнээн бүтээл урласан бэ?

-Дүрслэх урлагийн дунд сургуулийг төгсөөд, 1993 онд коллеж болоход нь ваар урлалын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. 2015 онд “Өндөр гэгээн Занабазарын хийцийг шаазангаар урлахуй” сэдвээр мастерын зэрэг хамгаалсан. Түүнээс хойш шаазангийн чиглэлээр бие даасан уран бүтээлээ туурвиж байна. Энэ хугацаанд 1000 орчим шаазан бүтээл гаргажээ. Ихэнхийг нь бэлэг дурсгалын зориулалтаар хувь хүмүүс худалдан авсан.


-Ер нь бүтээлүүдээ хэдий хугацаанд урладаг вэ?

-Ойролцоогоор жилийн хугацаанд бүтээсэн. Олон удаагийн оролдлогын үр дүнд энэ бүтээлүүд одоогийн энэ гайхалтай хэлбэрээ олдог. Нэг бүтээл туурвихын тулд түүх судлаач, химич болж байж удаан хугацааны судалгааны үр дүнд бүтээл маань бүрэн дүүрэн болдог.




-Шаазан бол маш эмзэгхэн эд. Тэр хэмжээгээр сэтгэл татам байдаг. Их олон шат дамжлагаар нэг бүтээл бүтдэг байх гэж боддог? 

-Хуучин шаазангийн үйлдвэр гэж байхад 7-8 шат дамжлагаар бүтээгдэхүүн гардаг, олон зуун хүн ажилладаг байсан. Харин одоо би энэ бүхнийг ганцаараа хийж байна. Шавраа хэрхэн олборлох, боловсруулах гээд тэр чигээрээ судалгааны ажил болж байна. Нарийн яривал, химийн мэргэжилтэн болдог. Их хөдөлмөр, оролдлогын дараа хүний нүдийг баясгах бүтээл хийж болдгийг харуулж байгаа юм.


-Шаазан урлал сонирхдог, цуглуулдаг хүн нэг үеэ бодвол манай улсад олширч байх шиг. Ер нь хэр олон хүн таныг дэмжиж бүтээлийг тань сонирхдог вэ?

-Монголд хуучны шаазан сонирхон цуглуулдаг 100 орчим хүн бий. Түүн дотроо цуглуулга болгодог нь  2-3 хүн байна. Эдгээр хүн намайг дэмжин, бүтээлийг маань худалдан авдаг. Хэрвээ шаазан сонирхдог хүн байгаагүй бол цаашид хөгжинө гэхэд хэцүү шүү дээ.





Д.Урансолонго

Гэрэл зургийг Т.Чимгээ. Б.Чадраабал

Холбоотой мэдээ