"Хүмүүн бичиг"-ийн Б.Элбэгзаяа Соёлын гавьяат зүтгэлтэн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-06-24 18:44:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Үндэсний монгол бичгээрх, долоо хоног тутмын цорын ганц тогтмол хэвлэл “Хүмүүн бичиг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, хэл бичгийн ухааны магистр Б.Элбэгзаяа Ардын хувьсгалын түүхт 100 жил, МОНЦАМЭ агентлагийн 100 жил, Үндэсний их баяр наадмын түүхт ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнууллаа. 


Тэрбээр 1997 онд МУИС-ийн монгол хэлбичгийн ангийг дүүргэснээс хойш МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг“Хүмүүн бичиг” сонинд 24 дэх жилдээ ажиллаж байгаа юм. Тэрээр өнгөрсөн хугацаанд “Өвс мэхийх дорно”, “Бодол хөрвөсөн цаг”, “Идэрийн цэнхэр эгшиглэн”, “Ижийдээ бичсэн захидал” зэрэг тэмдэглэл, нийтлэл, уран сайхны 10 гаруй ном хэвлүүлж, “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” бичгийг боловсруулах ажлын хэсэгт ажилласан юм.




Мөн “Сонгодог монгол бичгийн үсгийн хичээнгүй тиг” 2 дэвтэр сургалт-судалгааны ном хэвлүүлсний зэрэгцээ монгол хэл, бичгээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор  10 гаруй жил цэнхэр дэлгэцээр хичээл зааж буй юм.

Б.Элбэгзаяа ном уран бүтээлээ кирилл, монгол бичгээр хослуулан гаргадаг бөгөөд хамгийн сүүлд хэвлүүлээд буй "Хагас жарны нийтлэлүүд" номоо дан монгол бичгээр хэвлүүлснээрээ илүү онцлог болжээ.

Холбоотой мэдээ