Монголын худалдааг дэмжих ТРАМ төслийн хаалтын хурал боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-24 18:34:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын худалдааг дэмжих ТРАМ төслийн хаалтын хурал өнөөдөр боллоо.


Европын Холбооны дэмжлэгтэй 2017 оноос хэрэгжсэн уг төсөл дөрвөн жил үргэлжилсэн юм. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ТРАМ төслийн гадаад худалдааны бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, худалдааг хөнгөвчлөх, мөн экспортыг дэмжих чиглэлээр гүйцэтгэсэн ажилд сэтгэл хангалуун байгаагаа дурдлаа. Мөн уг төсөл Монгол Улсын хөгжлийн үйл явцад Европын холбооноос үзүүлж байгаа дэмжлэгийн нэг тод жишээ болж, үр дүнтэй хэрэгжсэн гэдгийг онцлов.


Хаалтын хурлын үеэр төслийн гурван бүрэлдэхүүн хэсэг болох худалдааны бодлого, худалдааг хөнгөвчлөх, мөн экспортын кластерын сэдвээр хэлэлцүүлэг болж, Берлин хотод үйл ажиллагаагаа эхэлсэн Монголын Мэдээлэл, худалдааг дэмжих төвийг албан ёсоор нээв.


Гадаад худалдааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, худалдааны зохицуулалтыг нэвтрүүлэхэд төслөөс мэргэжил, арга зүйн зөвлөлгөө үзүүлсний дүнд Засгийн газар “Хамгаалалтын арга хэмжээний тухай журам”-ыг баталсан билээ.


Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүтэц, үндэсний чадавх, мөн мэдлэг мэдээллийг  бий болгоход ТРАМ төсөл үр дүнгээ өгсөн. Энэ нь Монгол Улс хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь, үр дүнтэй хэрэгжүүлэхэд суурь нөхцөл болно гэж үзэж буй юм. ТРАМ төсөл экспортын кластерыг хөгжүүлэх, экспортын шинэ боломж нөөцийг нээж илрүүлэх, мөн төр, бизнесийн түншлэлийг идэвхжүүлэх чиглэлээр сайн туршлага, жишгийг бий болгосон байна.

Холбоотой мэдээ