Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-06-24 16:50:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцууллаа.


Тэрбээр, “Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг 2 удаа, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд баг 3 удаа хуралдаж, уран бүтээлчид, мэргэжлийн төрийн бус байгууллагын санал, бусад орны сайн туршлагыг судалж, 33 саналын томьёолол бэлтгэсэн” гэв. Үүнд:

- Кино урлагийг дэмжих чиглэл, зарчмыг тодорхой болгож, хуулийн нэр томьёог бусад хууль тогтоомжтой нийцүүлсэн.

- Кино урлагийг дэмжих сангийн нийтлэг харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулж, бүрдүүлэлт, зарцуулалтын онцлог харилцааг нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгахаар заалаа. Кино урлагийг дэмжих санхүүжилтийн зохицуулалтыг цогцоор шийдвэрлэхээр тусгасан.

- Кино урлагийг дэмжиж, кино урлагаар дамжуулан дэлхийд түүх, өв соёлоо таниулах, олон улсын түвшинд өрсөлдөх, үндэсний кино урлагийг хөгжүүлэх зорилгоор бусад орны жишигт нийцүүлэн Кино бүтээх зардлын буцаан олголтын талаар шинээр бүлэг нэмсэн.

- Кино урлагийг дэмжих сан, буцаан олголтын зохицуулалттай холбоотой үйл ажиллагааг зохицуулах, мэргэжлийн санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Кино урлагийн зөвлөл, түүний чиг үүрэг, бүрэлдэхүүний талаар тусгасан.

- Кино урлагийн салбарын төрөөс үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэвтрүүлэхээр зааж, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглахтай холбоотой зохицуулалтыг өргөжүүлж тусгасан байна.

Ийнхүү ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй 33 саналыг чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ