Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-06-24 15:16:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.


Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийн ахлагч Ц.Мөнх-Оргил  танилцуулав. Тэрбээр, "Чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. Энэ дагуу уртын ээлжээр ажиллах 14/14 хоногийн хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцох, үл өрсөлдөх гэрээний үйлчлэх хугацаа хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дууссанаас хойш нэг жилээс илүүгүй байх, ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн саналаар цуцлахыг хориглох зэрэг зарчмын зөрүүтэй санал бэлтгэсэн.  Түүнчлэн ажлын баг энэ сарын 21-нд хуралдаж, ажил хаялт, хөдөлмөрийн эрхийн маргаан, гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээг тодорхой болгож, ажил олгогч ажилтныг мэргэжлээ дээшлүүлэх, давтан сурах боломжоор хангах, дагалдангаар суралцах ажилтны ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой болгох санал бэлтгэсэн" гэв. Ингээд ажлын багаас бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 19 саналаар санал хурааж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.


Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн таван хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын саналыг дэмжиж, мөн эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. Тус хуультай хамт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.

Холбоотой мэдээ