Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх хилийн дэглэмээ нэг жилээр сунгах уу?

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-06-24 13:23:48

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын зүгээс цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах зорилгоор хэрэгжүүлж буй хилийн дэглэм, арга хэмжээгээ дор хаяж нэг жил үргэлжлүүлэх үү гэсэн асуултад тус улсын ГХЯ-наас хариу өгөв.

    Тодруулбал, өчигдөр зохион байгуулагдсан ГХЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь сэтгүүлчийн асуусан “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх хилийн дэглэмээ дор хаяж нэг жил үргэлжлүүлэхээр төлөвлөж байна гэсэн. Энэ үнэн үү?” гэсэн асуултад хариу өглөө.

    Тэрээр хэлэхдээ, “Миний хувьд яг нарийн зүйлийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ зарчмын хувьд хоёр зүйлийг онцолмоор байна. Нэгд, цар тахал дэгдсэн цагаас хойш Хятад улс олон улсын туршлага, практикаас суралцаж, тахлын нөхцөл байдалд үндэслэн холбогдох хүмүүсийг хилээр нэвтрүүлэх арга хэмжээнд тохируулга хийсээр ирсэн. Хоёрт, дэлхий дахинд цар тахлын нөхцөл байдал хүндэрч, вирус мутацлагдсаар байна. Тиймээс Хятад улс цаашид шинжлэх ухааны дүн шинжилгээнд үндэслэн шаардлагатай арга хэмжээнүүдийг авсаар байх болно. Мөн үүний зэрэгцээ Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зарчмын дор дотоод гадаадын иргэдийг эрүүл, аюулгүй, эмх цэгцтэй нэвтрүүлэх зам сувгийг бий болгохыг эрмэлзэж байна” гэв.

    Ташрамд дурдахад, АНУ-ын Wall Street Journal-д эх сурвалжаас иш татан мэдээлэхдээ, “Хэдийгээр Хятад улсад вакцинжуулалтын ажил нэг тэрбум тунд хүрээд байгаа ч Бээжингийн зүгээс цар тахлаас хамгаалах хилийн дэглэм, арга хэмжээгээ дор хаяж нэг жилээр сунгахаар төлөвлөж байна. Учир нь эрх баригчдын зүгээс вирусний шинэ мутациудад санаа зовниж байна” хэмээн мэдээлсэн юм.  

Холбоотой мэдээ