ЕХ-ноос гарахыг дэмжигчид ялах магадлалтай байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-24 14:14:25

ЛОНДОН. /ВВС/. Их Британийг Европын Холбооноос /ЕХ/ гарах эсэхийг шийдэх зорилгоор явуулсан бүх нийтийн санал асуулгад ЕХ-ноос гарахыг дэмжигчид илүү тооны санал авах магадлалтай байна гэж ВВС телевиз урьдчилан таамаглажээ.

Санал асуулгын хуудсыг бүрэн тоолж дуусаагүй байна. ВВС телевизийн урьдчилан таамаглаж байгаагаар, “ЕХ-ноос гаръя” кампанит ажлыг өрнүүлэгчид 52 хувь, “ЕХ-нд үлдье” талынхан 48 хувийн санал авах төлөвтэй байна.

Пүрэв гарагт явуулсан уг санал асуулгын ирц 72.2 хувьттай байсан гэж албаны хүмүүс хэллээ. Тус улсад санал өгөх эрхтэй 46 сая гаруй хүн байдаг ажээ. 

Хэрвээ Их Британи ЕХ-ноос гарвал тус эвслээс гарсан анхны улс болох юм.

Тус улсын хууль тогтоогчид ЕХ-ноос албан ёсоор гарахад шаардлагатай хуулийн төслүүдийг боловсруулж байгаа бололтой.

ЕХ-ноос гарахыг дэмжигчид болон эсэргүүцэгчид хэдэн сарын турш кампанит ажлаа идэвхтэй явуулсан байна. ЕХ-ноос гарахыг дэмжигчид “энэ холбоо хэтэрхий олон дүрэм журам тогтоож байна” гэж шүүмжилдэгээс гадна “тус эвслийн гишүүн орнууд руу чөлөөтэй шилжилт хөдөлгөөн хийж болдог учраас Их Британид хэтэрхий олон цагаач ирж байна” хэмээн дургүйцэж байгаа ажээ. 

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ