Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-06-23 16:51:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 


Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийн загвар шалгаруулах уралдаан зарлаж, ирүүлсэн загваруудыг Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа хэлэлцээд загварыг шалгаруулж баталжээ. Медаль нь зүүлт, медаль гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд  медалийн тэмдэг болох доод хэсэг нь дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн найман оройтой, нарны цацраг хэлбэртэй, цацрагийн гол хэсэг дэх “100” гэсэн тооны голд Ардын хувьсгалын их удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатарын хөшөөг  цагаанаар, жанжны гар дээр Хүннү өвгөдийн гал, нар, сарыг мандуулан “Ардын хувьсгал” гэсэн үгийг шаргалаар, “1921-2021” гэсэн тоог алтан шаргал туузан дээр цагаанаар бичжээ. Хүндэт медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор төсөлд тусгасан байна.


Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн С.Амарсайхан төслийн 1 дүгээр хавсралтад заасан ойн медаль болон медалийн лого зургийн зарим хэмжээг өөрчлөх санал гаргасныг гишүүдийн олонх дэмжиж, чуулгант танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ