"Нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” зарлах Монгол Улсын санаачилгыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-23 14:43:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын 42 дугаар хуралдаанаар 2026 оныг "Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарлах тухай тогтоолыг баталсан байна.


Тодруулбал, 2026 оныг “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарлах санаачилгыг Монгол Улс гаргасан бөгөөд энэ сарын 14-18-нд болсон дээрх байгууллагын 42 дугаар хурлаар тогтоолыг баталсан байна.


Бага хурлаас гарсан 5/2021 тоот тогтоолын дагуу тус санаачилгыг дараагийн шатанд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцүүлэхээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өргөн барихыг ХХААБ-ын Ерөнхий захиралд даалгав.


Энэхүү бага хуралд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдөөр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж оролцож, НҮБ-ын ХХААБ-ын 194 гишүүн орон болон 200 орчим төрийн бус байгууллага, холбоо, нийгэмлэгийн хамт олонд талархал илэрхийлсэн байна. Мөн уг санаачилгыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцүүлэхэд үргэлжлүүлэн дэмжихийг хүсжээ.

Холбоотой мэдээ