Хот хоорондын хөдөлгөөнийг 14 хоног хаана

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-06-22 21:29:30

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын 22 дугаар хурал боллоо. Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт халдвар эрчимтэй тархаж буйтай холбоотойгоор 6 дугаар сарын 24-ний 06:00 цагаас эхлэн хот хоорондын хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд хаахаар шийдвэрлэв.

Энэ хугацаанд зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Онцгой комиссын зөвшөөрөлд үндэслэн нэвтрүүлнэ. Мөн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан хэвийн зорчуулахаар болсон юм. Ингэхдээ зорчигчид нь зөвхөн өөрийн үндсэн харьяаллын хаяг дээрээ очих иргэд байх ёстой.

Харин аймаг доторх хөдөлгөөн хэвийн, сум хоорондын хөдөлгөөнийг эрүүл мэнд, хүнс бараа тээвэр, буяны ажил, орон нутгийн бүтээн байгуулалттай холбоотой албан томилолт зэргээс бусад тохиолдолд мөн дээрх хугацаанд хязгаарлах юм.  Мөн харьяалын бус иргэдийг өөр сум руу зорчуулахгүй гэдгийг анхааруулж байгаа юм. Шаардлагатай тохиолдолд тухайн очих сумын Онцгой комисс нь иргэнийг хүлээж авахыг зөвшөөрсөн байх ёстой аж. 

Холбоотой мэдээ